ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томууны хөтөлбөрийн Зүүн Ази хариуцсан захирал Жон Мак Артур, Номхон далайн баруун бүсийн Томууны хөтөлбөрийн захирал Жон Ватсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо. Үүгээр талууд томуу, амьсгалын замын бусад өвчний тандалтыг сайжруулах, шувууны ханиад, цар тахлын вирус, шинэ болон дахин сэргэж буй халдварын үеийн бэлэн байдлыг хангах талаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Түүнчлэн дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, зорилго, үйл ажиллагааг нь хэлэлцжээ. Нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хязгаарлах, шуурхай арга хэмжээ авахад тухайн төслийн зорилго орших аж. Сонирхуулахад, манай улс Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулж буй бөгөөд АНУ-ын тал хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
О.Ундрах