ШУТИС болон БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” сэдэвт VI симпозиумыг зохион байгууллаа. Монгол, Солонгосын хамтарсан “Соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд болсон тус арга хэмжээнд хоёр орны мэргэжилтэн, багш, судлаач оролцож, соёлын биет өвийг хадгалж, хамгаалах шинжлэх ухааны арга зүй, дэвшилтэт технологийн хэрэглээний талаар илтгэл хэлэлцүүлэв. Төслийн хүрээнд Монголд материал судлал болон дижитал технологид суурилсан лаборатори байгуулж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Симпозиумын үеэр Конжугийн үндэсний их сургуулийн судлаачид БНСУ-ын соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Түүнчлэн Монголын угсаатны эдийн соёлын өв, Шороон бумбагарын бунхант булшны ханын зургийг хамгаалахад хиймэл оюун болон зурагт суурилсан сэргээн засварлах технологи ашиглах боломжийн талаар хэлэлцэв. Мөн тус сургуулийн захирал Юүнь Хёнвонь “Монголын эзэнт гүрний Шинань хөлөг онгоц”, доктор Юүнь Юунхэнь “Юань гүрний үеийн автомат усан цаг” сэдвээр тус тус илтгэл тавьжээ. Үүнээс гадна археологийн олдворыг малтлагын талбайгаас үзэсгэлэнгийн танхимд шилжүүлэх үе шат, соёлын өвийг дижитал хэлбэрт оруулах замаар түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Э.Сондор