Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан билээ. Үүний дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-ноос эхэлж, 8-нд дуусах юм. Өвлийн амралт хичээлийн жилийн II улирлын төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар сарын II долоо хоногт Цагаан сарын баяр тохиох тул хичээл, сургалтыг цалгардуулахгүйгээр цахимаар зохион байгуулах аж.
Эхний улирлын амралт тохиох гэж буйтай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас суралцагчдын гэрийн даалгаварт зориулсан жишиг зөвлөмж гаргажээ. Боловсролын сайдын өнгөрсөн наймдугаар сарын 31-ний А/276 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэхдээ хүүхдүүдийн суралцаж буй ангиас хамааран өдөрт хийх гэрийн даалгаврын дээд хугацааг журамласан байдаг. Тодруулбал, 1-4 дүгээр ангийнхан өдөрт 10-40, 5-8 дугаар ангийнхан 50-80, зургаагаас дээш ангид судлагдахууны тоо нэмэгдэж, ачаалал ихэсдэг ч 90-120 минутаас хэтрүүлэхгүй байх ёстой. Иймд багш нар гэрийн даалгавар өгөхдөө сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ нас, хөгжлийн онцлогт тохирсон, зохистой ачаалалтай байх зарчим баримтлахыг зөвлөсөн юм.
М.Гэгээ