Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр, "2025 оны долоодугаар сарын 9-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалт хийсэн үр дүнгээ дүгнэж байна. Ер нь эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн.
"Эрдэнэс таван толгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноор наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6 дахин өссөн, биржийн тээвэр 1.5 , экспорт 1.5 үр ашиг нь гурав дахин өссөн. Харин орлого нь 1.3 дахин өссөн үзүүлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайтай тэмцсэнээр тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. Энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн юм. Хяналт шалгалтын үеэр тэнд бугшсан нүүрсний хулгайн маш олон арга барил ил тод болсон. Бүгдийг баримттай АТГ-т шилжүүлсэн.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг нэг их наяд төгрөгөөр барьсан. Уг үйлдвэрийг 18 км-ын цаана барьчихсан. Тээврийн үнэ хоёр дахин буурлаа. Нэг сая төгрөгөөр тээвэрлэж байсныг бид бууруулж, 400 мянга болгосон. Би очиж ажиллахад ажилчид надад олон мэдээлэл өгсөн. Одоо АТГ энэ асуудлыг шалгаж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй цорын ганц орд болох Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолыг өргөн бармагц гурван сарын өмнө МАН-ын даргат нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яаран сандран нэр дэвших мэдэгдэл хийсэн.
Та нар санаж байгаа. Залуучууд нүүрсний хулгайч нартай тэмцэж, жагсаал хийж байсан. УИХ, засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол байгуулж, Б.Энхбаяр тухайн сонсголыг зохион байгуулж байсан. Нүүрсний хулгайтай УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хамт тэмцэнэ гэж итгэж байсан. Харамсалтай нь нүүрсний хэрэгт холбогдсон гэх мэдээллийг би аваад итгэхийг хүсээгүй. Гэвч энэ хэрэгт холбогдсон байв. Би Ерөнхий сайдын хувиар Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэв.