Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг 2025” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. 12 дахь удаагийн тэмцээнд эмэгтэй тамирчин олноор оролцсон нь өмнөх жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болжээ. Буудлагын долоон төрөл, хоёр ангилалд 210 буудагч онч сорьсон. ПМ төрөлд хувийн амжилтаар эрэгтэйчүүдээс Б.Жанчив, багийн дүнгээр “Falcons-PM”-ийнхан түрүүллээ. АКМ төрөлд Г.Бямбажаргал, багийнхад BPSF-ийнхэн тэргүүн байрт шалгарав. Шөнийн харааны хэрэгсэлтэй “Ууль” тусгай тэмцээнд хувийн дүнгээр Б. Мөнхням, багийнхад BPSFийн алтан медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдээс гар бууны төрөлд ОУХМ А.Цовоо тэргүүлж, нэгдсэн дүнгээр спортын мастер Э.Оюут, багийнхад “Team nine”-ынхан бусдыгаа хошуулчиллаа. Тэгвэл Стандарт карабины төрөлд О.Энхболд, багийнхад SFIT-ийнхэн, oпен карабины төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд Б.Бадамханд, багийнхад “Хорчи”-ийнхон, гар бууны сумтай карабины төрөлд М.Батмөнх, багийнхад “Хэвтүүл”-ийнхэн тус тус тэргүүлэв. Тэмцээний төгсгөлд болсон шилдэг тамирчдын дундах халз буудлагын уралдаанд Ц.Түмэнжаргал ПМ, Р.Лувсанням (АКМ), Я.Есмаа (гар буу), Г.Баярмагнай (гар буу) П.Эрдэнэбилэг (стандарт караби) Н.Одгэрэл, С.Ганбаатар (опен карабин), Б.Хүслэн (ГСК) нар аваргаар тодров. Тус тэмцээнийг зохион байгуулахад Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дайчид, “Prime practical shooting” клубийнхэн болон шүүгч нар хамтран ажиллажээ.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. “Армийн тагнуулын тусгай рот” нэртэй 1965 онд анх байгуулагдсанаас хойш өдгөө 60 жилийн түүхтэй, байлдааны гавьяаны одонт тус анги нь дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит билээ.