Нээлттэй нийгэм форум, Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас (ОҮИТБС) Эрчим хүч ний болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, уул уурхайн компани, зарим төрийн бус байгууллагыг оролцуулан “ОҮИТБС-ын хэрэгжилт: Эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр ОҮИТБСын стандартын эрчим хүчний шилжилттэй холбоотой шаардлагууд, тэдгээрийг хэрэгжүү лэх, анхаарах асуудал болон шаардлагыг хэрэгжүүлэх алхам дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг “донор байгууллага” болсон. Энэ хэрээр тус салбарын байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглал болон хүн амын амьжиргаанд үзүүлэх нөлөө өсөн, олон талын анхаарлыг татаж буй. Тиймээс олон улсад жишиг болсон, дэлхийн 57 оронд үйл ажиллагаа явуулж буй ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгийг бүрдүүлэгч тал, уг хөрөнгийг захиран зарцуулагч буюу төрийн алба болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг ханган, ил тод байдлыг бүрдүүлж, нээлттэй мэдээллийн сан үүсгэдэг. Үүний үр дүнд уг салбар байгаль орчинд ээлтэйгээр хөгжих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, улмаар тогтвортой хөгжлийн зорилгод нийцэн үйл ажиллагаа явуулах боломж илүүтэй бүрдэнэ гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, дэлхий дахинд эр чим хүчний шилжилт, “ногоон” технологийг хөгжүүлэхэд анхаарч, ховор элементийн хайгуул, олборлолтыг эрчимтэй хөндөж буй. Товчхондоо, нүүрстөрөгч бага ялгаруулдаг “ногоон” технологиор эрчим хүч үйлдвэрлэхийг улс орон бүр зорих болсон. Тиймээс ховор элемент хайх, олборлох, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүх шат нь ил тод, нээлттэй, байгальд ээлтэй байх нь хөрөнгө оруулалт татах, тогтвортой хөгжих нэг үндэс болохыг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Энэ талаар ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон “Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор шинэ металл, ашигт малтмал хайх, олборлоход ил тод байдлыг анхнаас нь хангах, шаардах учиртай. Өдгөө ашиглаж буй ОҮИТБС-ын зарчим, загварыг ч ашиглаж болно. Ингэснээр эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоог хангасан, хяналттай, байгальд ээлтэй орчин бий болно. Энэ талаар болон ОҮИТБС-аас хийсэн, хийж буй ажлын тайлангаа хэлэлцэх гэж бид энд цугларлаа. Манайх 2024 оны буюу 19 дүгээр тайлангаа гаргаад удаагүй байна. Тайлангийн чанар сайжирч, улам дэлгэрэнгүй, нээлттэй болж, ажил эрчимтэй үргэлжилж буй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын цахим хуудаснаас харж болно. 2024 онд уул уурхайн чиглэлийн 1072 компани тайлангаа ирүүлсэн нь 4-5 жилийн өмнөхөөс буурлаа. Цар тахлын өмнө 1400 гаруй компани тайлангаа ирүүлж байсан юм. Компанийн тоо ийнхүү буурсан нь цар тахлын нөлөөллөөс шалтгаасан байж болох ч сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, орон нутгийнхны эсэрүүцэл зэргээс үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж олон байна. Мөн ОҮИТБС болон хөгжлийн зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлаа тасралтгүй явуулахад хөрөнгө мөнгөний бэрхшээл их бий. Улсын төсөв алдагдалтай байгаа учраас ирэх онд бид хэрхэн санхүүжилтээ өсгөн, тайлангаа бэлтгэх нь асуудалтай боллоо” гэв.
Эрчим хүчний шилжилтэд донор орнуудын туслалцаа хэрэгтэй бөгөөд бид нөхцөл боломжоо үнэлүүлж, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулж байгааг Эрчим хүчний яамынхан дурдлаа. Тодруулбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) 2024 оноос судалгаа хийж байгаа бөгөөд үр дүн, тайлан нь хараахан гараагүй гэнэ. Уг тайланд үндэслэн бодлогын баримт бичгийг боловсруулах юм байна. Түүнчлэн төрөөс “Эрчим хүчний талаар баримтлах бодлого” гэж 2015 онд гаргасан ч хүчингүй болгосон гэдгийг ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Балдорж хэлэв. Тэрбээр “Төрөөс баримтлах бодлого, шийдвэр тогтвортой биш, залгамж халаа муутай байгааг хүлээн зөвшөөрнө. Одоо бол Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Яамны зүгээс ШУТИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагыг оролцуулан, нээлттэй ажиллахыг хичээж, эрчим хүчний шилжилтийг иргэн, аж ахуйн нэгж бүр хийх зарчим баримталж байгаа. Тухайл бал, иргэн, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эх үүсвэрээс 1.5 мВт эрчим хүч үйлдвэрлэн, ашиглахад ямар ч зөвшөөрөл шаардахгүй. 1.5-5 мВт бол орон нутаг, дүүргээсээ зөвшөөрөл авна. Харин таваас дээш мВт эрчим хүч үйлдвэрлэх болон сүлжээнд нийлүүлэхэд эрчим хүчний зохицуулах хорооноос зөвшөөрөл авна. Мөн хүлэмжийн хийг бууруулахад ашиглаж буй эх үүсвэрт дэмжлэг олгодог. Сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг хэрэгцээндээ ашиглахад нээлттэй гэсэн үг. Ер нь томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалж бэрхшээл тулгарч буй нь үнэн. Тиймээс бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд олон салбар хамтарч ажиллах, хоорондын уялдаа холбоогоо сайжруулах хамгийн гол нь санхүү жилт олох шаардлагатай. Үүнээс гадна эрчим хүчний салбараас ялгаруулж буй хүлэмжийн хий их. Үүнийг бууруулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Манай улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархай бутархай суурьшсан. Өвөлдөө их хүйтэрдэг учраас хаана ч, аль ч нутагт эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хангамж доголддог, бэрхшээл тулгардаг нь үнэн. Нөгөө талаас нарлаг, салхи ихтэй өндөрлөг бүс нутаг тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэгцээгээ хангах боломжтой гэдэг. Сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчийг чухал ашигт малтмалаас олборлох талаар олон улсад өрсөлдөөн ширүүссэн. Энэ тухайд Нээлттэй нийгэм форумын эрдэс баялгийн засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “Цэвэр эр чим хүчний эх үүсвэр болох чухал ашигт малтмалын олборлолтоо өсгөх, улмаар том тоглогч болохоор дэлхийн орнууд өрсөлдөж эхэлсэн. Бид бол бодлогын түвшинд л ярьж, хэлэлцэж байгаа төдий. Анхнаасаа бодлогоо зөв уялдуулбал эл салбарт хөрөнгө оруулалт татах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хамтран ажиллах боломжтой. Ашигт малтмалын салбарт авлига их, хөрөнгө нуун дарагдуулах, татвараас зайлсхийх явдал ажиглагддаг. Тиймээс чухал ашигт малтмалтай холбоотой бодлого анхнаасаа ил тод байдал, сайн засаглал, авлигаас ангид байх зарчмыг хэрэгжүүлбэл зохино. Чухал ашигт малтмалаа аль улс руу нийлүүлэх, юугаар тээвэрлэх, хэдэн төгрөгөөр борлуулах зэрэг бүх дамжлагыг ил тод, авлигаас ангид, нээлттэй байлгах шаардлага бий. Эл асуудлыг төр, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагууд тал талаас нь харж, оролцож, зохицуулах шаардлагатай” хэмээн ярив. Тэгвэл уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг төлөөлж дээрх хэлэлцүүлэгт “Степ голд” компани оролцлоо. “Степ голд” нь одоогоос 10 орчим жилийн өмнө байгуулагдаж, 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан. Тус компанийн байгаль орч ны менежер Г.Мөнхжин “Манайх нээлттэй хувьцаат компани учраас хүлээсэн үүрэг, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил, зарим шаардлагын дагуу хүлэмжийн хийн хэмжээгээ тооцох, уг хийн хэмжээг бууруулах, эрчим хүчний шилжилтийг нэвтрүүлэх гэх мэтээр “ногоон” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, хүлэмжийн хийн хэмжээг гаргахдаа хөндлөнгийн байгууллагаар тооцуулж, гэрээтэй ажилладаг. Улмаар хүлэмжийн хийн хэмжээ нь бодитой, эсэхийг шалгадаг арга зүй хэрэгтэй гэж бодож байна. Ийм тогтсон арга зүй, нягтлах, баримтлах жишгийг төрийн байгууллагаас бий болгон, бүх компани мэдээллээ нэгтгээд явбал илүү үр дүнтэй болов уу. “Степ голд” компани Баянхонгор аймгийн нутагт компанийн ажилчдын байр болон бусад бү тээн байгуулалтаа 2028 онд хийж дуусгана. Ингэхдээ нарны эрчим хүчийг ашигласан технологи суурилуулж, нарны цэнэг хураагуур зэргийг ашиглахаар төлөвлөсөн. Мэдээж ийм технологи, цэнэг хураагуурын зардал өндөр. Тиймээс төрөөс хөнгөлөлт үзүүлж, хамтарч ажиллах боломж бүрдэх болов уу гэж найдаж байна” хэмээв.
Цаашид эрчим хүч, уул уурхайн аль ч салбарт жендер болон орон нутагт үзүүлсэн үр ашиг, байгаль орчин, нийгэм, жендерийн нөлөөллийн үнэлгээг ил тод болгох хэрэгтэй гэнэ. Түүнчлэн эрчим хүчний шилжилтийн асуудлаар олон талт хэлэлцүүлэг зохион байгуулах, замын зураг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ёстой аж. Танилцуулах сургалт хийн, сурталчилгаа явуулж, хэрэгцээнийхээ судалгааг ч мөн гаргах ёстойг ОҮИТБС-аас дурдлаа. Замын зургийг хэлэлцэх, батлах, хэрэгжүүлж эхлэх нь санхүүжилт татах, хөрөнгө босгох чухал алхам болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Товчхондоо, чухал ашигт малтмал олборлох, эсвэл ногоон технологийг нэвтрүүлж, эрчим хүчний шилжилт хийж эхлэхдээ ил тод, хариуцлагатай, сайн засаглалыг анхнаас нь төлөвшүүлж, хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалт татах томоохон хөшүүрэг болох аж.
С.Дулам