Монголын анагаах ухааны хөгжил эдүгээ дэлхийн жишигт ойртон, нарийн мэргэжлийн эмч нарын ур чадвар олон улсад гайхагдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд гээд бүгд өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээ хийдэг болоод буй. Тэгвэл манай улсын анагаах ухааны хөгжил, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмчилгээний арга, технологийн суурийг эргэн сөхвөл, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), одоогийн Оросын Холбооны Улс (ОХУ)-тай эрхгүй холбогдоно. Тэр дундаа тус улсын их, дээд сургуулиудтай байгуулсан түүхэн хамтын ажиллагаа, эмч, мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэсэн бодлогогүйгээр Монголын эрүүл мэндийн салбарыг төсөөлөхийн аргагүй.
Салбарын анхны хийгээд үе үеийн эмч, сувилагч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, мэс заслын нарийн мэргэжилтнүүдийн олонх нь Оросын их, дээд сургуулиудад суралцаж, тэрхүү мэдлэгээ эх орондоо нутагшуулан, өнөөгийн хөгжлийн тулгын чулууг тавилцсан билээ. Энэ бол зөвхөн хүний нөөц бэлтгэн нийлүүлсэн түүх бус, Монголын эрүүл мэндийн тогтолцоо, стандарт, оношилгоо, эмчилгээний арга барил, эм хангамж, эрүүл ахуй, халдварт өвчний хяналтын системийн үндсийг хамтдаа бүтээлцсэн хоёр ард түмний хүчин чармайлт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харгуй зам байв.

УЛАМЖЛАЛААС ШИНЖЛЭХ УХААНД ШИЛЖСЭН ЦАГ ҮЕ
XX зууны эхээр буюу 1920-1950 онд Монголд орчин үеийн анагаах ухааны тухай ойлголт шинэ, эмнэлгийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй, төрөл бүрийн халдварт өвчинд олноороо өртөж, хохирч байсан цаг. Эмийн үйлдвэр гэж байгаагүй, ариун цэврийн тогтолцоо сул, мэргэшсэн эмч гарын арван хуруунд багтахуйц цөөн байж. Ийм хүнд нөхцөлд Зөвлөлтөөс илгээсэн эмч, зөвлөхүүд л Монголын эрүүл мэндийн системд шинэ цагийн салхи сэвэлзүүлсэн гэдэг. Тэд монгол залууст орчин үеийн анагаах ухааны үндэс суурийг танин мэдүүлэхээс гадна практик дадлагаар сургаж, аймгуудад анхны эмнэлгүүдийг байгуулан, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээнүүд нэвтрүүлжээ.
1930-аад оноос ЗХУ-ын анагаахын дээд сургуулиудад цөөн тооны монгол хүн суралцаж эхлэв. Тэд аливаа өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй оношлох, эмчлэх арга, техникт суралцах болжээ. Энэ цагаас Монголын анхны мэс засалчид, эмэгтэйчүүд, халдвартын эмч нар бэлтгэгдэн, Зөвлөлтийн урьдчилан сэргийлэх аргад суралцаж, цаашлаад эмнэлэг, салбарын бүтэц, зохион байгуулалтын системийг эх орондоо нутагшуулж эхэлсэн байна.

САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН СУУРЬ БЭЛТГЭГДЭВ
1950-1990 оны социалист бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол Улс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд түлхүү анхаарч, Оросын их, дээд сургуулиудад эмч, мэргэжилтнүүдээ олноор бэлтгэх хүний нөөцийн стратегийн бодлого баримталсан нь хамгийн зөв алхам байсныг салбарын олон эрдэмтэн, судлаач өнөө хэр нь хуучилдаг. 1970 он гэхэд ЗХУ-ын их, дээд болон тусгай сургуулиудад 15 мянга гаруй монгол мэргэжилтэн бэлтгэгдсэний багагүй хувийг эрүүл мэндийн салбарынхан эзэлж байлаа. Энэ нь тухайн үеийн Монголын хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Ерөнхийдөө бүтээн байгуулалтын он жилүүдэд монголчууд хүний их эмч, сувилагч, дотор, мэс засал, хүүхэд, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, халдварт өвчин, сүрьеэ, шүд, эмэгтэйчүүд, эх барихын чиглэлээр ЗХУ-д суралцжээ. Үүнээс хойш кардиологич, пульмонологич, хорт хавдар, рентген, лабораторийн, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн эмч нар бэлтгэгдэж эхэлсэн байна. Цаашлаад нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл ахуйч, эпидемиологич, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон халдвар судлаачид “төрөн гарч”, клиник фармакологич, эм зүйч, эмийн үйлдвэрийн технологич, эмийн чанарын хяналтын мэргэжилтнүүдтэй болжээ. Эдгээр мэргэжилтэн Монголын эрүүл мэндийн салбарын үндсэн бүтцийг түүчээлэн бүрдүүлсэн бөгөөд хожим дотоодын их, дээд сургуулиудын багш, салбарын удирдлагаар томилогдон, аймаг, сумын эмнэлгүүдэд тасралтгүй ажиллаж, мэдлэг, ур чадвараа бусдадаа түгээсээр иржээ.
СЕМАШКОГИЙН СИСТЕМИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛСАН НЬ

ЗХУ-ын эрүүл мэндийн тогтолцооны үндсэн зарчим нь бүх нийтийг хамарсан, урьдчилан сэргийлэх тогтолцоонд тулгуурлан хөгжжээ. Үүнийг Семашко (ЗХУ-ын Эрүүл мэндийн хорооны дарга)-гийн загвар гэх бөгөөд Монголд ч бүрэн нутагшсан байна. Ингэснээр аймаг, сум бүр эмнэлэгтэй болж, диспансерын хяналтын тогтолцоо нэвтэрч, халдварт өвчний хяналт сайжирчээ. Улмаар эх, хүүхдийн эндэгдэл буурч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зэрэглэл, стандарт тогтсон гэдэг. Энэхүү өөрчлөлтөд ЗХУ-д суралцаж, төгссөн эмч, мэргэжилтнүүд голлох хүч болж байв. Тэд зөвхөн мэдлэг, чадвар бус, системийн сэтгэлгээ, стандарт, ёс зүй, протоколын соёлыг ч эх орондоо нэвтрүүлсэн гавьяатай.
Манай улс 1961 онд Анагаахын дээд сургуулийг байгуулсан нь Монголын орчин цагийн анагаах ухаанд хүн эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх эх уурхай нь бүрэлдсэн юм. Тус сургуульд ажилласан анхны багш нарын олонх нь Орост дээд боловсрол эзэмшсэн, магистр, докторын зэрэгтэй хүмүүс байсан тул сургалтын хөтөлбөр, бүтэц, стандартыг Зөвлөлтийн жишгээр боловсруулах нь гарцаагүй. Сургуулийг орос багш, эмч, профессорууд бүх талаар дэмжиж, мэргэжлийн 18 тэнхим байгуулахад гардан тусалж, энэ бүхний ачаар анхны төгсөлтөө амжилттай хийж, үндэсний хэмжээнд 846 эмч, мэргэжилтэн бэлтгэн нийлүүлсэн түүхтэй. Энэ үеэс манай улсын анагаахын шинжлэх ухаан дэлхийтэй хөл нийлэн хөгжих үндэс суурь нь тавигджээ.
Тэгвэл 2021 оноос хойш ОХУ-ын Засгийн газраас монгол оюутнуудад зориулан жил бүр 620 хүнд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг олгодгоос 62 нь анагаахын чиглэлийнх байна. Тэгэхээр сүүлийн дөрвөн жилд л гэхэд тус улсын дэмжлэгтэйгээр 248 мэргэжилтэн бэлтгэсэн гэсэн үг. Бас Новосибирскийн анагаах ухааны улсын их сургуульд 25 монгол оюутан суралцаж байна гэсэн мэдээлэл бий.
П.Н.ШАСТИНЫ ГАВЬЯА
1920-1950-аад онд ЗХУ-ын эмч нарын баг Монголд ирж, улаанбурхан, салхин цэцэг, бусад цар тахал, бэлгийн замын халдварт өвчин болон тархвар судлал, тандалт судалгаа, арчилгаа, ариун цэврийн арга хэмжээг тогтмол зохион байгуулсан түүхтэй. Тэдний дундаас манай эрүүл мэндийн салбарт нэг насны амьдралаа зориулсан П.Н.Шастиныг монгочууд хамгийн сайн мэддэг. Тэр бол Монголын орчин үеийн дотрын мэс заслын үндэс суурийг тавьсан гавьяатан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанаас өгсүүлээд өнөөгийн түвшин, нэр хүндэд хүргэхэд түүний хүч хөдөлмөр маш их байсан билээ.
Зөвлөлтийн мэс заслын нэрт эмч Павел Николаевич Шастины Монголд ажилласан он жилүүд бол мэс засал, лавлагаа тусламжийн тогтолцооны үндсийг тавьсан түүхэн цаг үе байсан юм. Тус эмнэлэг түүний нэрэмжит болсон нь нэрийг нь мөнхөлсөн төдий бус, Монголын анагаах ухааны хөгжлийн эхлэлд хүндэтгэл үзүүлсэн үйлдэл гэдгийг манай эмч нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
1950-1960-аад онд манайд орчин үеийн мэс засал бүрэлдэн тогтож эхэлсэн шилжилтийн үе бөгөөд эл хугацаанд мэс засалчид хомс, техник, технологи дутмаг, сургалтын тогтолцоо ч доголдолтой байжээ. Ийм хэцүү цагт П.Н.Шастин Зөвлөлтөөс Монголд томилогдон ирж, мэс засалчдыг ажлын байранд дадлагажуулан, суурь техникийг системтэйгээр зааж, мэс заслын эмчилгээний соёлыг шинэ түвшинд хүргэсэн гэдэг. Хагалгааны дэглэм, мэс заслын багийн зохион байгуулалт, яаралтай хийх зарчим зэрэг өнөөдөр энгийн мэт санагдах олон стандарт, шинэчлэлийг түүний удирдлагад бий болгон нэвтрүүлжээ. Улмаар улсын лавлагаа төвийн загварыг боловсруулан, энэ төрлийн тусламжийн тогтолцоог Монголын нөхцөлд хөрвүүлэн нутагшуулж, төрөлжсөн төв эмнэлгийг хөгжүүлсэн түүхтэй.
Шастин Монголд ажиллах хугацаандаа эмч бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтын программ боловсруулан, залуу боловсон хүчнүүдийг мэргэшүүлж, гардан сургажээ. Эмчийн хариуцлага, ёс зүйн стандартыг өндөр түвшинд тогтоосон нь өнөөдөр ч салбарын хөгжилд “луужин” болж, үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ДАВЛАГАА
Социалист систем задран унаж, Монгол Улс зах зээлийн нээлттэй эдийн засагт шилжин орохтой зэрэгцэн гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн бөгөөд ОХУ-тай ч эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах уламжлал тасраагүй. Тус улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр олон арван монгол залуу эрүүл мэндийн өндөр технологийн мэргэжлийн ур чадварт суралцаж буй. Тухайлбал, дүрс оношилгоо, зүрх, судас, мэдрэл, хүүхдийн зүрхний мэс засал, хавдрын туяа эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр “нарийсаж” эхэлжээ. Эдгээр нарийн мэргэжлийн эмчилгээ нь XXI зууны Монголын эрүүл мэндийн салбарт шинэ технологийн давлагааг бий болгосон байна.
ОХУ-д мэргэшсэн эмч нар эх орондоо дараах эмчилгээ, оношилгооны шинэчлэлийг нутагшуулсныг архивын баримт бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Тодруулбал, зүрхний титэм судасны дотуурх мэс засал (стент тавих), MRI, CT-гийн өндөр нарийвчлалтай оношилгооны аргачлал, хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, хавдрын туяа эмчилгээ, мэдрэлийн мэс заслын микро технологи, ясны чөмөг болон эрхтэн шилжүүлэн суулгах, эрчимт эмчилгээ, амилуулах тусламжийн шинэ стандартыг нутагшуулсан аж. Уг нарийн технологиудыг ОХУ-д бэлтгэгдсэн мэргэжилтнүүд гардан удирдаж, стандарт, эмчилгээний арга аргачлалыг өөрсдийн хөрсөнд тохируулан боловсруулжээ.
АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМД ХҮРСЭН ТУРШЛАГА
Эрүүл мэндийн салбарын алсын зайн хөгжилд Орост суралцсан эмч нарын үүрэг их байв. Тэднийг олноор нь аймаг, сумуудад хуваарилан ажиллуулдаг байсны ачаар эрүүл мэндийн үйлчилгээ хот, хөдөөгүй хөгжих нөхцөл бүрдсэн. Аажмаар аймаг бүр мэс заслын тасагтай болж, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмч нарын хүртээмж нэмэгдсэн байна. Түүнчлэн сүрьеэ, халдварт өвчний хяналт сайжирч, нас баралт огцом буурчээ. Сувилагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, эх барихын тусламж, үйлчилгээний чанар дээшилсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсаар ирэв.
Зөвлөлтийнхөн бидэнд зөвхөн салбарын хүний нөөцийг бэлдэж өгөөд зогсохгүй алслагдсан аймаг, сум, нийслэлд цөөнгүй эмнэлгийн барилга барьж, тоног төхөөрөмжийг нь хүртэл иж бүрнээр нь шийдсэн байдаг. Жишээлбэл, ЗХУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр улс даяар аймаг, сумын төвүүдэд олон арван эмнэлэг, сувиллын газрууд барьсны нэг нь Хавдар судлалын үндэсний төв юм. Эмч, мэргэжилтнүүдийн дурсамж, албан ёсны мэдээллээр тус төвийн одоогийн цогцолборыг 1981-1982 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар барьж, хэвтэн эмчлүүлэх тасгуудыг тохижуулан, цацраг туяа эмчилгээ, оношилгооны аппаратууд, мэс заслын техник, хэрэгслүүдийн хамт бүрэн тоног төхөөрөмжтэйгээр хүлээлгэн өгчээ. Үүний ачаар Хавдар судлалын үндэсний төв үндэсний хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын хэмжээнд үзүүлж, мэргэшсэн хүний нөөцийн бааз болон өргөжөөд байна.
Түүнчлэн 1972 онд Дарханы эмнэлгийг зөвлөлтийнхний тусламжаар барьж, барилгыг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй нь хүлээлгэн өгсөн нь орон нутгийн статустай хотод хэвтүүлэн эмчлэх, төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ хөгжих үндэс суурь болжээ. Үүнээс нэг жилийн өмнө Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг мөн оросууд барьж өгснөөр хоймор нутагт дүнзэн байшингуудад тархай бутархай байрлаж байсан эмнэлгийн үйлчилгээ орчин үеийн байранд төвхнөсөн аж. Улмаар дотор, мэс засал, нүд, чих, хамар, хоолой, мэдрэл, хүүхэд, арьс өнгө, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагтаа үзүүлэх болсон гэнэ. 1970-аад оны үед аймаг Нэгдсэн эмнэлэгтэй байна гэдэг иргэдийн хувьд аврал байсан юм. Зөвлөлтийн тусламж аймгийн төвүүдээр хязгаарлагдаагүй. Сумуудад хүртэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц олноор барьсныг архивын баримтуудад хадгалан үлдээжээ. Нийт дүнгээрээ аймаг, сумын төвүүдэд шинээр байгуулсан эмнэлэг, өргөтгөсөн байр нь хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй.
ҮНЭЛЖ БАРШГҮЙ ҮНЭ ЦЭН
Цаашлаад Эрүүл мэндийн яам, салбарын томоохон эмнэлгүүд, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн удирдлагын түвшинд ажилласан туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл ч ОХУ-д бэлтгэгдсэн түүхтэй. Тэд эмнэлгийн тусламжийн шатлалын, урьдчилан сэргийлэх үзлэгийн, эм зүйн бодлого, эмийн чанарын хяналтын тогтолцоо, эмч, мэргэжилтний зэрэглэл тогтоох, сургалтын стандарт, эрүүл мэндийн статистикийн үндэс, өвчлөлийн бүртгэл, халдварт өвчний тандалт, лабораторийн сүлжээ үүсэж хөгжих эхлэлийг тавьжээ.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бүхий л цаг үед Оросын их, дээд сургуулиудад бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд энэ мэтчилэн их хувь нэмэр оруулж, тод ул мөрөө үлдээжээ. Тэдний мэдлэг, туршлага, хөдөлмөрийн үр дүнд орчин үеийн эмнэлгийн тогтолцоо бүрдэж, олон мянган хүний амь аврагдан, салбарын дэд бүтэц өнөөгийн түвшинд хүрсэн гэхэд болно. Одоо ч Монгол, Оросын хамтын ажиллагаа бүх салбарт зогсолтгүй үргэлжилж, өндөр технологийн мэс засал, оношилгооны дэвшилтэт аргачлалуудыг нэвтрүүлсээр байна. Хоёр орны ард түмний эл найрсаг харилцаа зөвхөн түүхийн хуудаст бус, монгол хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарт эергээр нөлөөлсөөр байгаа нь үнэлж баршгүй үнэ цэн юм.
ЭРХҮҮГИЙН АУИС ТӨГСӨГЧДӨӨС 45 ЭРДЭМТЭН “ТӨРЖЭЭ”
ЗХУ, ОХУ-д сургууль төгсөгчдийн Азийн олон улсын чуулган БНХАУ-д энэ сарын 1-4-нд боллоо. Боловсрол ба эрүүлийг хамгаалахын чиглэлээр туршлага солилцох онол, практикийн хурлуудыг энэ үеэр зохион байгуулсан бөгөөд манайхаас “Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо”- ны төлөөлөл оролцсон юм. Тус багийн бүрэлдэхүүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль төгсөгчдийн Монголын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан багтжээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хуралдаанд оролцож, ОХУ-д сургууль төгсөгчдийн үндэсний холбоодын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар танилцуулсан байна. Түүний яриаг хүргэе.
Монголын эрүүл мэндийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, Европын анагаах ухааны чиг загвараар хөгжүүлэх, хүн амыг гоц халдварт болон бусад аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдлыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр манай улс ЗХУ-тай тэртээ 1920-иод оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Үүний нэг тод жишээ нь Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургууль байсан юм. Үндсэндээ 1960-аад оноос эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогын дагуу иргэдийг гадаадын анагаах ухааны их сургууль (АУИС)-иудад сургах алсын хараа, зорилгыг хэрэгжүүлэхэд ОХУын Эрхүүгийн АУИС түүхэн үүрэг гүйцэтгэсэн, одоо ч үүнийгээ тасралтгүй гүйцэтгэсээр 100 жилийн ойтойгоо золгож байна.
1919 оны наймдугаар сарын 26-нд Эрхүүгийн улсын их сургуулийн Физик, математикийн факультетэд хүний их эмчийн ангийг нээснээр Дорнод Сибирийн анхны АУИС-ийн үндэс суурь тавигджээ. Улмаар 1930 онд бие даасан дээд сургууль болж, 1995 онд бүх холбоотын боловсролын байгууллагын стандартыг хангаснаар их сургуулийн статустайгаар өргөжин тэлсэн түүхтэй. Одоо их сургуулийн бүрэлдэхүүнд 540 гаруй эрдэмтэн, багш ажиллаж, дотор, мэдрэл, зүрх, судас, эх барих, эмэгтэйчүүд, нүд, оношилгоо, хими, биологи, физик, эрүүл ахуй, эм зүй, сувилахуй зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны мэргэшсэн 65 тэнхимээр жилд 4000 гаруй оюутан төгсгөж байна. Тус сургууль нь 1960-аад оноос гадаадын иргэдийг элсүүлж, жилд 33 орны 500 гаруй оюутанд нарийн мэргэжил эзэмшүүлдэг гэсэн статистик бий. Монгол улсаас 450 гаруй хүн элсэн суралцсаны нэг нь би.
Эрхүүгийн АУИС-ийг факультет байхад буюу 1922 онд элсэж, 1927 онд их эмчээр төгссөн анхны монгол хүн бол Дашийн Сэржмядаг юм. Тэрбээр эх орондоо ирээд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажиллаж, шинжлэх ухаанд суурилсан, эх, хүүхдийн эрүүл мэндийн анхны төвийг үүсгэн байгуулах ажлыг хариуцжээ. Улмаар 1932 онд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагад даргаар томилогдон, эмнэлгийн дунд шатны мэргэжилтнийг нутгийн иргэдээс бэлтгэх ажлыг зохион байгуулсан гэдэг. Д.Сэржмядаг ийн Европ эмнэлгийн боловсролтой анхны монгол эмч байсан.
Тэгвэл 1940 оны дайны үед Эрхүүгийн АУИС-ийн алдартай эрдэмтэн, профессорууд болох Х.Г.Ходос, А.Г.Шантуров, Н.П.Кузнецова, С.Б.Пинский нар манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, бүтэц, зохион байгуулалтад заавар, зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгооны шинэ аргуудыг таниулах ажлаар Монголд олонтоо ирж ажиллажээ. 1960-аад оноос БНМАУын иргэдийг Эрхүүгийн АУДС-д үе шаттайгаар элсүүлэн сургасан. Элсэлтийн шалгалтад өндөр амжилт гаргасан залуучуудыг аймаг, хотоос шилж, 1961 онд 12 монгол оюутныг элсүүлсэн нь тус сургуулийн анхны гадаад оюутан болж байв. 1966 онд тэд сургуулиа амжилттай төгссөн ба Эмчилгээний факультетийг Д.Цагаач, Шүдний эмчилгээний факультетийг Ч.Пунцаг, Ц.Норовпил, Л.Долгорсүрэн, Ш.Лхагвасүрэн, М.Мягмар, Д.Мөнхчулуун нарын зургаан хүн, Эм зүйн факультетийг Л.Мунаа, Д.Оюун, Д.Мангаа, Б.Пэлжээ нар дүүргэсэн. Тэд гадаадад анагаах ухааны сургууль төгссөн, дээд боловсролтой, өндөр мэргэжлийн, нарийн мэргэшсэн боловсон хүчин болсон бэлтгэгдсэн юм. Тэдний дундаас л гэхэд Монгол Улсын Гавьяат эмч хоёр төрсөн. Түүнээс хойш Төрийн соёрхолт, Ардын эмч, Гавьяат цолтнуудын буухиа тасраагүй. Төгсөгчдийн дундаас нийт 45 эрдэмтэн “төрсөн” байдаг. Өөрөөр хэлбэл, Эрхүүгийн АУИСийг төгсөгчид эх орныхоо эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, олон алдартнуудыг эгнээнээсээ төрүүлэн гаргаж, түүх бүтээсээр байна.
МАВСУЗ ХОЛБОО 40 ГАРУЙ МЯНГАН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ
“Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат багш Д Цогзолмаагийн байр суурийг толилуулъя.
-Тэртээ 1922 онд ЗХУ-д мэргэжил эзэмшихээр Монголын 15 охин, хүү Москва хотыг зорьж, КУТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд дөрвөн жил суралцжээ. Тэд улс төрийн дээд боловсрол эзэмшиж ирснээс хойш одоог хүртэл Зөвлөлт, Орост 70 гаруй мянган хүн дээд болон тусгай дунд боловсрол эзэмшиж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, ард түмнийхээ сайн сайхны тусын тулд хөдөлмөрлөсөөр ирэв. Орост сургууль төгсөгчдийн дунд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс эхлээд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёлын салбарт олон гавьяатан төрөн гарсан билээ.
1990-ээд оны үед Монголын бүх эрдэмтний 90, инженер, техникийн ажилтнуудын 65 хувь нь Зөвлөлт, Орост мэргэжил эзэмшсэн хүмүүс байлаа. Одоо энэ тоо тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн л дөө. 1970 оны үед Монголоос жил бүр 5000 хүн Оросын их, дээд болон техникум, мэргэжлийн сургуульд элсэн суралцаж, төгсдөг байсан. 1972 онд ЗХУ-д төгссөн тэргүүний сэхээтнүүдийн санаачилгаар “Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо”-г байгуулж, эдүгээ 50 гаруй жил 40 гаруй мянган төгсөгчийнхөө эрх ашиг, сонирхлыг хамгаалж, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, магистрын сертификат дүйцүүлэн олгуулах, үр хүүхэд, ач, зээ нарыг нь ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулахад зуучлан туслах, төгсөгчдийг сургуультай нь байнгын харилцаа холбоотой байлгах зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Тус холбооны анхны тэргүүнээр тэр үеийн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Базарын Ширэндэв сонгогдон ажиллаж байв. Тэрбээр Эрхүүгийн багшийн дээд сургуулийн анхны монгол төгсөгч байсан юм. Бид уг уламжлалаа хадгалан ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч нарыг тус байгууллагыг удирдуулан ажиллуулж ирсэн. МАВСУЗ холбооны одоогийн тэргүүнээр ШУАийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл ажиллаж байгаа.