Италийн Милан, Кортина хотод болох өвлийн олимпын 25 дахь удаагийн наадмыг ирэх жилийн хоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт эхэлнэ. Харин нээлтийн ёслолын ажиллагаа баасан гарагт (хоёрдугаар сарын 6) Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бол 22-нд (ням гарагт) Верона хотын “Верона” цэнгэлдэхэд хаалтын ёслолыг хийснээр өндөрлөх юм. Тэгвэл гуравдугаар сарын 6-наас 15 хүртэл паралимпийн наадам үргэлжилнэ. Энэ удаа өвлийн олимпыг хоёр өөр хотод анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. “Милан-Кортина 2026”-д оролцох тамир чид спортын 16 төрөлд 114 багц медалийн төлөө өрсөлдөнө. Милан хотын гурван талбайд хоккей, уран гулгалт, шорт трек, гүйлтийн тэшүүрийн тэмцээн өрнөх бол, цана, биатлоны уралдаан ДАШТ-ийг өмнө нь зохион байгуулсан “Вал ди Фиемме”, “Антерсельва” зэрэг цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж. Тус хотын зүүн өмнөд хэсэгт олимпын тосгон, тамирчдыг хүлээж авах байр бэлэн болжээ. 2023 оны нэгдүгээр сард эхлүүлсэн ажил 900 хоног үргэлжилсний эцэст төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дууссан байна. Галт бамбарын буухиаг Итали руу энэ сарын 6-наас аялуулсан нь үзэгчдийн анхаарлыг татаж буй. Улс орон даяар сургууль, соёлын байгууллагынхан галт бамбарыг тойрсон баяр ёслолд оролцож, эл наадмыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.
Сонирхуулахад, АНУ-ын дуучин, ая зохиогч Мэрайя Кэри өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулах аж. “Грэмми” шагналын таван удаагийн эзэн тэрбээр ая дуугаа өргөх гол уран бүтээлчдийн нэг байх юм. Өдгөө 56 настай тэрбээр өмнө нь спортын томоохон тэмцээнүүдийн үеэр уран бүтээлээ толилуулж байжээ. Тухайлбал, 2002 онд NFL-ийн “Супер боул”, 2003 онд NBAгийн Бүх оддын тоглолтын өмнө АНУ-ын Төрийн дууллыг дуулж, 2020 оны АНУын нээлттэй тэмцээний үеэр өөрийн зохиосон дууг хүргэж байв. Ингэснээр тэрбээр Парист өнгөрсөн жил болсон зуны олимпын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулсан Селин Дион, Лэди Гага нарын дараа ийм ёслолд оролцож буй ээлжит уран бүтээлч болох юм.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийн спортын ноён оргил болсон өвөл, зуны олимпын наадмыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авсан. Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, амжилт гаргах бахдам мөчийг үзэгчдэд дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн хөтлөгч, тайлбарлагчдын хамт хүргэхээр тэд бэлтгэлээ хангаж байна.