Хуанлийн хуудас нэгэн жилээр зузаарч, шинэ оны баяр айлссан эдгээр өдрүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тухайн оныхоо ололт амжилт, сургамж, туршлагаа цэгнэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн зурагладаг билээ. Уламжлал ёсоор “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонины Шинэ жилийн баяр аз одтой, амжилт бүтээлтэй, өрнүүн сайхан болж, оны шилдгүүдээ тодруулсан юм. “Өнөөдөр” сонины 2025 оны “Шилдэг бү тээл”-ийн эзнээр тоймч Ч.Болортуяа “Үхэхийн өмнө үйлчилдэг эрүүл мэндийн даатгалаар яах вэ”, “Дипломтой багш нар хаана явна вэ” нийтлэлээрээ шалгарсан бөгөөд тэрбээр 2014 онд МСНЭ-ийн нэрэмжит “Болор үзэг”, 2024 онд МСНЭ-ийн “Ган үзэг” тэргүүн наадмаас “Сонины шилдэг бүтээл”ийн шагналыг хүртэж байв.
Удаах “Шилдэг бүтээл”-ийн шагналыг “Дайнгүй улсын “дайчид” давуу эрх эдэлсээр байна”, “Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ бүрмөсөн зогслоо” нийтлэлээрээ тоймч О.Бат-Ундрах хүртсэн бөгөөд тэрбээр 2014 оны Байгаль орчны сэтгүүл зүйн Шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байр, Монголын сэтгүүл зүйн “Их хурд” гэгддэг БАЛДОРЖ шагналд 2015, 2016 онд “Шилдэг-10”-т шалгарч байсан юм.
Мөн “Өнөөдөр” сонины тоймч Ж.Сувдмаа “Хүннү хотын шав дээрх албан тушаалын найр хавтгайрав”, “Ургацын талбайд туссан улс төрийн хар сүүдэр” нийтлэлүүдээрээ 2025 онд хамт олноо манлайлан шилдгээр шалгарсан бөгөөд тэрбээр 2018 оны БАЛДОРЖ шагналын гран при, 2023 онд МСНЭ-ийн “Ган үзэг” тэргүүн наадмаас “Сонины шилдэг бүтээл”-ийн шагнал хүртсэн билээ.
Манай сонины шилдэг залуу сэтгүүлчдийн төлөөлөл Д.Хүслэнгийн нийтлэлч Б.Болор-Эрдэнэ (Болушка)-тэй хийсэн “Манай нийгэм хүн төрөлхтний нийтлэг, анхан шатны аксиомыг ч хүлээн зөвшөөрч чаддаггүй” ярилцлага болон “Нийслэлчүү дээр дамшигласан даншиг” сурвалжилга нь 2025 оны “Шилдэг бүтээл”-ээр мөн тодорлоо.
Түүнчлэн Гэрэл зураг, дизайнеруудын албаны шилдэг ажилтнаар Н.Уламбаяр шалгарсан юм. Тэрбээр сониныхоо өнгө үзэмж, загвар донжийг сүүлийн 18 жил тодорхойлон ажиллаж буй манай шилдэг, туршлагатай боловсон хүчний нэг билээ. “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонины маань салшгүй эд эс болсон Олон нийттэй харилцах албаны шилдэг ажилтнаар О.Батцэцэг, Санхүүгийн албаны шилдгээр Д.Бямбасүрэн, Хэвлэх үйлдвэрийнхнээс Т.Наранбаяр нар хамт олноо хошуучилсан бол “The UB post” сониноос сэтгүүлч М.Ивээл 2025 онд амжилт бүтээлээрээ шалгарав. Шилдгүүддээ халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.
Г.Сансар