ТУУХАЙГААР ХИЧЭЭЛЛЭСЭН ТҮҮХ
Монголын туухайт спортын холбоонд тив, дэлхийн хошой аварга С.Туяацэцэг хэмээх бүсгүй бий. Гоо сайханчаар ажиллаж байсан түүнийг салбарынхан нь төдийгүй ах дүүс, найз нөхөд, байнга үйлчлүүлдэг хү мүүс нь ч тамирчин болно гэж огт төсөөлөөгүй гэдэг. Энэ спортод хөл тавьсан түүх нь тун сонирхолтой. Ажилдаа анхаарал хандуулаад өдрийг завгүй өнгөрүүлдэг түүнд нөхөр нь энэ спорттой нөхөрлөхийг санал болгожээ. Тухайн үед олны дунд хүнд төмөр өргөхөөр нуруу, бөөр өвдөж, биеийн өсөлт зогсдог гэсэн буруу ойлголт байсан тул хичээллэх хүсэл эхэндээ төрөөгүй аж. Тэрбээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон туухай өргөлтийн олон улсын тэмцээнийг нөхөртэйгөө хамт очиж үзсэнээр бодлоо өөр чилсөн байна. Энгийн үед анзаарагдахааргүй хижээл насны өвгөчүүд тэмцээний талбарт туухай өргөж зогсох нь залуусаас дутахгүй эрч хүчтэй санагдахад хажууд суусан үзэгч “Та монгол чуудынхаа төлөө сэтгэл тань зовниж байвал өөрийн биеэр үлгэрлэж, үр дүнг нь харуул. Чамд тэднийг өөрчлөх боломж бий” гэж зөвлөжээ. Тэндээс ирсэн даруйдаа өөртөө зорилго тавьж, эргэж буцахааргүй хичээллэхээр шийдсэн нь амжилт гаргах анхны жим байв. Гоо сайханч байх тамирчны амьдралаар замнахаас өөр. Олон үйлчлүүлэгчтэй ажлаасаа гарах түүнд хэцүү байсан ч туухайгаар хичээллэх явцдаа үр дүнг нь мэдэрчээ. Туфлиэ тайлж, пүүз өмсдөг болсон үедээ спортын ямар ч төрлөөр хичээллэх нь бие, сэтгэл зүйтэй салшгүй холбоотойг ойлгосон гэдэг. Тэрбээр “Би өмнө нь хүнийг гадаад үзэмжээр нь сайхан болгодог байсан бол одоо дотоод гоо сайханд анхаарал тавих болсон. Намайг дагаж туухайгаар хичээллэсэн хүн олон бий. Найзууд минь миний үнэнч хөгжөөн дэмжигч. Тэмцээнд оролцсон бичлэгүүдийг минь сонирхож үздэг” хэмээн өгүүлсэн юм.
ХИЛИЙН ДЭЭС АЛХАЖ, ШИЛДГҮҮДТЭЙ ХҮЧ СОРЬСОН НЬ
Энэ спортод хэн тэвчээр гаргаж, тууштай хөдөлмөрлөсөн нь амжилт гаргадаг. Туухай сэтгэл зүйн спорт. Өрсөлдөгчдөө ялахын тулд тэднээс илүү хөдөлмөрлөх ёстой. Тэрбээр сургуулилалт хийхдээ бүх зүйлээ сайтар тооцоолдог. Өрсөлдөгчдийнхөө бие халаалтыг хараад бэлтгэл хэрхэн хийсэн, ямар техниктэй, сэтгэл зүйгээ хэр бэлдсэнийг нь “уншиж” сурсан. Түүнд ийм чадварыг нөхөр нь буюу Монголын самбо бөхийн шигшээ баг, туухайт спортын дасгалжуулагч Г.Үүрцолмон эзэмшүүлжээ. Казахстанд 2022 онд зохион байгуулсан туухай өргөлтийн Азийн АШТ-д оролцохоор Нурсултан хотыг зорив. Тэнд түүнтэй өрсөлдсөн тамирчид олон жил хичээллэж, туршлага хуримтлуулсан байлаа.
ТИВИЙН АВАРГААР ШАЛГАРСАН БАЯРТ МӨЧ
Тэмцээнд 12 кг-ын туухайг 10 минутад 240 удаа өргөх амаргүй. 50 насандаа энэ спортоор хичээллэн, 56-тайдаа өрсөлдөгчдөө ялж, 57 кгын жинд хоёр төрөлд дээд амжилт тогтооход үзэгчид ихэд гайхан хүлээж авав.Тэдэнд өмнө нь нэг ч харагдаагүй шинэ танил аварга болсон нь тун содон санагдаж байлаа. Тэрбээр тухайн үед өөрийгөө дээд амжилт эвдэнэ гэж бодоогүй аж. Танхимаас гарахад хүмүүс баяр хүргэж, бүчихэд түрүүлснээ мэдсэн гэдэг. Тэмцээний дараа залуус “Монгол бабушка амжилт гаргалаа. Миний ээжтэй нас чацуу тамирчин байна” гээд бичлэг хийж, зургаа хамт авхуулж, фэйсбүүк, инстаграм, твиттер хуудсандаа тавьсныг хараад хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гаргаж, олны анхаарлыг татсанаа ойлгожээ. Түүнийг Казахстанаас аваргын цом, хошой алтан медальтай ирэхэд нөхөр нь “Хайртай шүү” хэмээх ганц үг хэлжээ. Ханийнх нь энэ үг түүний олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, зорилго тэмүүллийг дэмжиж үнэлсэн, бас амжилтаар нь бахархсан урам байлаа.
ОЛОНД ЭРҮҮЛ АМЬДРАХЫГ УРИАЛЖ, НӨХӨРЛӨЛИЙН ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖЭЭ
Спортоор хичээлллэж, эрүүл амьдарна гэдэг том боломж. Харин тэр боломжоо өв чин, өөр зүйлд алдахгүй байх нь зүйтэй. Хүн хатуужлыг юм болгонд гаргадаггүй. Харин эрүүл мэндийнхээ төлөө бодож байснаасаа ч илүү тэвчээр гаргадаг. Дэлхийн хошой аварга С.Туяацэцэг, дасгалжуулагч Г.Үүрцолмон нарын “Гийрийн хичээл” юүтүбт бий. Туухайгаар хи чээллэгсдийн бие, сэтгэл зүйд ямар үр дүнтэй өөрчлөлт гарч буйг тус хичээлээр харуулахад нуруу, бөөр нь өвддөг, давсаг сойлгосон, шээс задгайрсан өвчтэй эмэгтэйчүүд их хандсан байна. Тэднийг туухайгаар хичээллүүлэхэд өөрт тулгарсан олон таагүй асуудлаасаа салжээ. Тэрбээр энэ тухай “Монгол эмэгтэйчүүд дайчин, сэтгэлийн хаттай. Миний хувьд хүн бүрийг судлаач байгаасай гэж хүсдэг. Би хамт хичээллэдэг бүсгүйчүүддээ гоо сайханч, сэтгэл зүйч, зөвлөгч, багш дасгалжуулагч нь болдог. Хүнд урам, сэтгэлийн дэм өгөх сайхан. Миний зорьж буй гол зүйл бол туухайг бусад орны адил бүх нийтээр хичээллэх спортын төрөл болгох сон гэж боддог. Үүнийг зөвхөн хот гэлтгүй орон нутагт ч хөгжүүлэх боломжтой. Хүн ид шидийг өөрийгөө өөрчилсөн анхны өдрөөс бүтээдэг гэж боддог. Хамгийн гол нь тууштай байдал бүх зүйлийн ард гарахад тус болдог. Бид эх орныхоо ирээдүйг бодож байгаа бол эрүүл иргэн бэлдэх ёстой. Боловсролоос гадна бие бялдрын хөгжилд ч гэсэн хөрөнгө оруулах нь зөв юм” гэж хэлэхийг нь сонсоод түүгээр ихэд бахархаж билээ.
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ТҮРҮҮЛЖ, ХОШОЙ АВАРГААР ТОДРОВ
С.Туяацэцэг Азийн аварга болсноос хойш хоёр жилийн дараа Узбекистаны Хива хотод (2024 онд) зохион байгуулсан ДАШТ-д түрүүлж, Монголын туухайчдаас мэргэжлийн ангилалд аваргын цом гардсан анхны эмэгтэй тамирчин болсон юм. Дэлхийн шилдгүүдтэй ур чадвараараа эн зэрэгцэх болсон тэрбээр эл спортыг эх орондоо хөгжүүлэхээр зорьж, Баянгол дүүрэгт туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, өөрийнхөө удирдлагад бэлтгэл хийсэн хүүхдүүдийг оролцуулав. Өнөө үед хүүхдүүд утас өдөржин шагайж, зурагт, компьютерийн дэлгэц ширтсээр хөдөлгөөний дутагдалд орсон нь худлаа бус. Тэрбээр 2023 онд хятад хэлний хувийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллахдаа 1-12 дугаар ангийн сурагчдыг туухайгаар хи чээллүүлсэн нь үр дүнд хүрчээ. Гэхдээ эцэг, эхтэй нь ойлголцох эхэндээ тийм ч амар биш байв. Хичээл заах тусам хүүхдүүд эрч хүчтэй болж, тэмцээнд хүртэл оролцох идэвх сэргэв. Манайхаас бусад оронд хүүхдүүдийг гурван нас хүрээгүй байхад спортоор хичээллүүлдэг. Тиймээс тэрбээр цэцэрлэгийн насныханд гийрийн хичээлийн энгийн дасгалуудаас зааж, биеийг нь хөгжүүлэхээр шийдсэн байна. Хүүхдүүд хи чээллэхээс татгалзаагүй байхад эцэг, эх нь “Чи яахаараа хүүхдээр минь хүнд төмөр өргүүлдэг билээ. Ингэж хөгжүүлнэ гэж юу байдаг юм. Орос хүүхдүүд өөр шүү дээ. Бид багадаа 16 тоот гимнастик хийдэг байсан. Үүнийг хийхэд л болно” гэх зэргээр шүүмжилж эхэлжээ. Харин хүүхдүүд нь гурван сар хичээллэж бие, сэтгэл зүйд нь эерэг өөрчлөлт гарч эхлэнгүүт аав, ээждээ “Манай багштай битгий маргалд. Би энэ спортод дуртай. Цаашид хичээллэх хүсэлтэй байна” гэж хэлдэг болсон аж.
СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АМЬДРАЛЫН ИДЭВХТЭЙ БОЛГОСОН ТҮҮНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ
Аутизм, саажилттай хүүхдүүдийн эцэг, эх хүүхдээ хэрхэн зөв хөгжүүлэх талаар олон зүйл судалж буй харагддаг. Ийм хүүхдүүд хувийн сургуульд голдуу сурна. Тэднийг туухайгаар хичээллүүлэхэд хандлага нь өөрчлөгдөж, юм ярьдаггүй, чимээгүй суудаг хүүхдүүд сэргэлэн цовоо болоход аав, ээж нь “Манай хүү, охин дуу цөөнтэй, зожиг байсан чинь нийтэч зантай болжээ. Нөхөдтэйгөө инээж харилцаад, өмнөхөөсөө илүү хурдан гүйж байна” гэж ярих болжээ. Түүнээс хүүхдүүдийг хэрхэн үр дүнд хүргэснийг сонирхож асуухад “ Би хүүхдүүдийг насных нь онцлогт тохируулж, тухайлбал, цэцэрлэгийн насныхныг нэг кг, 500 грамм, I-III ангийн сурагчдыг дөрөв, түүнээс дээш насныхныг найм, 12 дугаар ангийнхныг 12 кг-ын гийрээр хичээллүүлсэн. Хүүхдүүд бэлтгэлийн ачаалал дааж, амьдралын идэвхтэй болсноор найз нөхөд, үеийнхэнтэйгээ хандах хандлага нь өөрчлөгдсөн. Саажилттай байсан хүүхэд хэдэн сарын дараа хэн нэгний туслалцаагүйгээр ширээний ард суугаад, өөрөө хоолоо иддэг болсон нь бэлтгэл сургуулилалтын минь судалгаа үр дүнд хүрснийг харуулж байна. Миний хувьд тамирчин тул дараагийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хийх шаардлагатай болж, ажлаа хүлээлгэж өгөхөд хүүхдүүд “Багш аа, бид туухайгаар үргэлжлүүлж хичээллэмээр байна” гэж тун дурамжхан үдсэн шүү. Монгол Улс дэлхийн орнуудын адил спортын төрлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй. Ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын хичээлийг долоо хоногт нэг бус, гурван удаа орж байж сурагчдын бие бялдар зөв хөгжинө. Гадаадын сургуулиуд сурагчдаа спортын төрлүүдээр хөгжүүлдгээс бид суралцах хэрэгтэй. Миний ажиллаж байсан хувийн сургуулийн багш нар намайг хараад их өөрчлөгдсөн. Бэлтгэл хийдэг газрын залуучууд гаргасан амжилтаас минь урам авч, зорилгынхоо төлөө тэмүүлдэг болсонд баярладаг. Монголчууд өөдрөг зүйлийг харах дуртай. Манайх хүүхэд, залуус ихтэй орон. Зөв чиглүүлж, зөв бодлогоор залбал хөгжихөд бэлэн байна” хэмээсэн юм.
СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ӨНДӨР ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хөтөлбөрийн дагуу гийрийн хичээл заах багш нарыг бэлтгэх сэн. Гийрийн спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж, олонд үр дүнг нь харуулахгүй бол манайд бодлого болж хэрэгжихгүй байна. Спорт зөвхөн тамирчны хүрээнд хөгжих ёсгүй. Монголчуудын дунд тамирчид л спортоор хичээллэж, амжилт гаргадаг. Энгийн хүмүүс дасгал хөдөлгөөн хийх нь зөв гэсэн явцуу ойлголт байдаг. Хүн өөрийгөө ялж байж сайхан мэдрэмж авдаг. Үүнийг хүүхэд бүр багаасаа мэдрэх нь давуу тал юм. Өнөөгийн нийгэм хүмүүсийг амьдралынхаа төлөө завгүй ажиллахыг шаардаж байна. Сургуулиудын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт спортын төрлүүдийг түлхүү оруулдаг болох нь зөв юм. Улс үүнийг бодлогоор, тууштай хөгжүүлэх нь чухал. Иргэд хоногийнхоо хоолны төлөө эрүүл мэндгүй болтлоо ажилладаг. Тухайн улсад спорт хөгжихөд олон зүйл нөлөөлнө. Иргэдийнх нь хүлээж авч буй хандлага, үзэх соёл, улсынх нь бодлого дэмжлэгтэй холбоотой. Монголд спортоор хичээллэх үү, эсвэл талхны мөнгөө олох уу гэдэг асуудалтай олон хүн өдөр бүр тулгардаг. Спортоор хичээллэнэ гэдэг бол өдөр бүр хоол идэхтэй адил юм. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлсэн орны иргэд эрүүл амьдардаг. Тэд эрүүл, идэвхтэй амьдрахад хоол хүнснээс гадна спортын дасгал, хөдөлгөөн чухал болохыг сайн ойлгодог. Миний ажигласнаар иргэд спортын анагаах ухааны талаарх мэдлэг багатай байна. Бид спорт өндөр хөгжсөн өнөө цагт олон улсаас хоцрохгүй, хөл нийлүүлэх ёстой. Аливаа зүйлийг хөгжүүлэхэд судалгаа гол тулгуур болдог. Тухайн хүнийг спортын талаар хэр судалдаг, хооллолт болон эрүүл мэнд, бие, сэтгэл зүйдээ хэрхэн анхаарал хандуулдгийг бие нь хэлээд өгдөг. Улсдаа эрүүл иргэн бэлдэж, зөв хүн болгож хүмүүжүүлэхэд боловсрол, мэдлэг, соёлоос гадна спортын төрлүүдээр хичээллэх нь чухал болохыг эцэг, эхчүүд сайтар ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдийн оюун ухааныг бие физиологитой нь зөв хөгжүүлж байж улсдаа эерэг хандлагатай, төлөвшсөн иргэн бэлдэнэ шүү дээ” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.