Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
Дээрх орнуудад хэнийг ч улираасангүй, бүгдийг шинээр томилж буй аж. Улмаар Г.Тэнгэрийг Австралийн Холбооны, Д.Мөнхтөрийг Австри, Г.Байгалмааг, Беларусь, А.Баттөрийг Болгар, Г.Хуланг Вьетнам, Ж.Оюунбаатарыг Герман, Д.Бямбадоржийг Египет, Д.Булганыг Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулъя гэжээ. Мөн Б.Мөнхжинг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант, Г.Батжаргалыг Казахстан, Д.Тэгшжаргалыг Киргиз, Г.Уянгыг Сингапур, О.Лхагвасүрэнг Турк, Н.Энхтайваныг Унгар, Б.Болормааг Чех, А.Анандыг Арабын Нэгдсэн Эмират, Л.Өлзийтийг Энэтхэгт суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор санал хүргүүлэн байна. Хойд хөрш болох ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн бүрэн эрх дууссан тул түүний оронд Д.Давааг томилох нь. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг Францад суух Элчин сайд болгоё гэжээ. 2024 оны сонгуулийн дараанаас л Ц.МөнхОргилыг олон орон руу Элчин сайдаар “томилсон”, өөрөөр хэлбэл, энэ тухай яриа гарсаар удсан юм. Эцэст нь тэрбээр Францад ажиллахаар болж буй аж.