Улсын нийслэл Улаанбаатар хот жил ирэх тусам өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд ар араасаа сүндэрлэх боллоо. Өндөр байх тусмаа ашигтай гэх ойлголт ч нийтийн дунд давамгайлж, өнөөгийн Улаанбаатар шил, бетон, ган төмрөөр хүрээлэгдсэн “ширэнгэ” болон хувирсаар байна. Ялангуяа Төрийн ордон, нийслэлийн төв талбайн дэргэд зогсоод эгц урагшаа харахад л хот хэр эрчимтэй барилгажиж буй нь тод томруун харагдана. “Централ тауэр”, “Мэрү тауэр”, “Аюуд тауэр” зэрэг сүрлэг өндөр, шилэн барилга нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох болсон нь үүний жишээ. Өнгө үзэмжтэй, өндөр барилгад ажиллаж, амьдрах сайхан мэт боловч газар дайвалзах төдийд нурж, галын оч манарахад бүхэлдээ шатах эрсдэл бидэнд ойрхон буйг төдийлөн анзаарахгүй байх шиг.
Дэлхий дахинд газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, олон мянган хүний амь эрсдэх боллоо. Тухайлбал, Хонконгийн Тай По дүүрэгт орших “Wang fuk court” орон сууцын хороололд өнгөрсөн сард гал гарсны улмаас 128 хүн амиа алдав. Мөн 200 орчим иргэн сураггүй алга болсон бөгөөд энэ нь Хонконгод 1948 оноос хойш бүртгэгдсэн, хамгийн олон хүний амь эрсэдсэн түймэр болсныг албаныхан онцолсон. Түймэр эл орон сууцын хорооллын долоон барилгыг хамарч, тус бүрдээ 31 давхар, нийт 2000 орчим айл, 4000 гаруй оршин суугч гамшигт өртжээ. Түймрийг унтраахын тулд гал сөнөөгчид 43 цагийн турш тасралтгүй ажилласан бөгөөд барилгын фасадыг шинэчлэхэд ашигладаг хулс модон дээр тамхины иш унаснаас гал алдсан байх магадлалтай гэж дүгнэсэн юм. Тэгвэл ийм аюул Монголд, тэр туслаа Улаанбаатарт нүүрлэхгүй гэх баталгаа алга. Манай хотод ч Хонконгийнх шиг шигүү барьсан, гал дэмждэг хөөсөнцрөн фасадтай, орц, гарц нь хангалтгүй атлаа 10-20 давхар өндөр барилга, байгууламж цөөнгүй. Өөрөөр хэлбэл, гамшгийн эрсдэлийн хувьд бид өөрсдөө аюултай орчныг бий болгож, түүндээ дасан зохицож амьдарч байна гэсэн үг.
Улаанбаатар нь хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалтаараа метрополис хотын шинжийг хэдийн олсон ч иргэдийн аятай таатай амьдрах наад захын шалгуур, шаардлагыг хангахаа болиод удаж байгаа. Тиймээс нийслэлийг “бетонон ширэнгэ” гэж нэрлэх болсон. Үнэхээр ч энэ нэрэндээ дасан зохицсон уу гэлтэй жилээс жилд улам шигүү болсоор буй нь үнэн. Хэдийгээр хотын төвлөрлийг задлах, тэлэх, төвөөс гадагшаа чиглэсэн урсгалыг бий болгох зорилгоор дахин төлөвлөж, гэр хорооллын бүсэд олон мянган айлын орон сууц барих, дэд төв байгуулах төслүүд хэрэгжүүлж байгаа ч нийслэлийн А зэрэглэлийн бү сэд хамаардаг Их, Бага тойрууд барилгажилт үүнээс ч эрчимтэй үргэлжилж байна.
ТУХАЙН БАРИЛГЫН СҮҮДЭР БОЛОН САЛХИНЫ УРСГАЛЫГ Ч ТООЦООЛДОГ
Хотын хөгжлийг өндөр барилгаар хэмждэг үе дэлхий дахинд аль хэдийн ард хоцорсон. Олон улсад өндөр шилэн барилга “босгох”-ын оронд аль болох хүндээ ээлтэй, ногоон, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч буй. Гэтэл манай нийгэмд өндөр барилгыг хөгжлийн бэлгэ тэмдэг мэтээр хүлээн авдаг хандлага одоо болтол амь бөхтэй оршсоор.
Гадаадад өндөр барилга барихаас урьтаж, хамгийн түрүүнд газар зүй, бүсчлэлийн үнэлгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, тухайн байршлын хөрсний бүтэц, геологийн онцлогийг нарийн судалж байж өндрийг нь тогтоодог. Ингэхдээ барилгын өөрийн жин, ачааллыг тооцоолоод зогсохгүй салхины болон газар хөдлөлтийн хү чийг динамикаар анализ хийж, бат бөх байдлыг хангах зорилгоор ган, төмөр бетон, эсвэл хосолсон даацын бүтцийг сонгодог гэнэ. Ихэвчлэн type I construction буюу галд тэсвэртэй, шатдаггүй материал ашиглаж, галын тархалтыг хязгаарлах хийцтэй. Түүнчлэн гарах хаалга, шатны тоо, байршлыг нарийн тооцоолж, 128 метрээс дээш өндөртэй барилгад нүүлгэн шилжүүлэх болон гал сөнөөгчдийн ашиглах тусгай зориулалтын лифтийг зайлшгүй төлөвлөдөг. Мөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн шинжилгээ хийж, тухайн барилгын ойр орчимд сүүдэр тусгах болон салхины урсгалыг өөрчлөх талаар эрчим хүч ний хэмнэлттэй шийдлүүдийг төсөлд тусгадаг байна. Үүнээс гадна гамшиг, ослын үед ашиглах нисдэг тэрэг буух талбай, нүүлгэн шилжүүлэх тусгай гарцыг стандартын дагуу заавал төлөвлөдөг. Энэ нь гамшиг, ослын үед хүний амь аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг саадгүй явуулахад чухал ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга нь одоогоор “Шангри-Ла” зочид буудал. Тус буудлын С блок нь 34 давхар, 136 метрийн өндөртэй. Харин “Индустр” компанийн “Соёмбо тауэр” хэмээх 32 давхар барилга өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн “Эко констракшн”-ынхан худалдаа, үйлчилгээний зориулалттай 25 давхар “Эко интернэйшнл тауэр”аа “Монгол шуудан”-гийн эсрэг талд барьсан. Тус компанийнхан өдгөө үүнтэй залгуулаад 55 давхар барилга барихаар ажлаа үргэлжлүүлж буй. Үндсэндээ нийслэлд зөвхөн орон сууцын зориулалтаар бус, үзвэр, үйлчилгээ, оффисыг нэг доор хослуулан барьж, үлэмж хэмжээний ашиг хүртдэг моод дэлгэрсэн. Гэвч харамсалтай нь, эдгээр барилгыг норм, стандартын дагуу гал түймэр, газар хөдлөлтөд тэсвэртэй барьж буй, эсэх нь эргэлзээтэй тул мэргэжилтнүүд сануулж, анхааруулсаар л буй.
Барилга, байгууламжийг зориулалт, хүчин чадлаар нь үндсэн таван ангилалд хуваадаг юм байна. Тухайлбал, 51 метр буюу 16 давхраас дээш барилгыг онцгой төвөгшилтэй барилга, байгууламж гэж үздэг. Мөн 51-ээс доош өндөртэй буюу 9-16 давхар орон сууцын барилгыг өндөр, 5-9 давхрыг дунд, тав хүртэлх бол бага төвөгшилтэй гэж тооцдог аж. Харин есөн метр өндөртэй, 600 ам метр хүртэл талбайтай нэг айлын орон сууцыг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга, байгууламж гэж тодорхойлдог. Тэгвэл онцгой төвөгшилтэй барилга буюу 16-гаас дээш давхар байгууламжид гал гарвал унтраах техник, хэрэгсэл манай улсад харамсалтай нь байхгүй. Өөрөөр хэлбэл, алба хаагчдын гал унтраахад ашигладаг шат нь 32 метр буюу 10 давхар хүртэл л сунах боломжтой гэнэ.
1062 НОРМ НОРМАТИВ БИЙ Ч ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ
Нэг гудамжинд зэрэгцэн сүндэрлэх олон давхар барилгууд ус, дулаан, цахилгаан, авто замын ачааллыг огцом нэмэгдүүлдэг ч үүнийг дагасан дэд бүтцийн шинэчлэл хангалттай хийгдэхгүй удав. Мөн байшин хоорондын зай талбай бага, авто зогсоол хүртээмжгүй учир оршин суугчид орц, гарцыг хааж тээврийн хэрэгслээ тавьснаас галын машин нэвтрэх боломжгүйд хүрч, олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог.
Монгол Улсын барилгын салбарт 425 норм ба дүрэм, 637 стандарт гээд нийтдээ 1062 баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, барилгын төлөвлөлт, зураг төсөл, угсралт, ашиглалт зэрэг үйл ажиллагаанд мөрдөх хангалттай олон тооны норм, дүрэм, стандарт хүчин төгөлдөр үйлчилж буй гэсэн үг. Нийт 156 хуудас бүхий “Монгол Улсын барилгын норм ба дүрмүүд”-д цас, мөс, салхи, температурын өөрчлөлтөөс эхлээд эргэдэг хаалгыг хэрхэн төлөвлөх тухай ч хүртэл нэгбүрчлэн заажээ. Түүнчлэн газар хөдлөлтийн үйлчлэлийг “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” норм ба дүрэмд заасны дагуу тодорхойлон тооцож, зураг төсөлд тусгахыг анхааруулсан байна. Ингэхдээ газар хөдлөлийн таван баллын эрчимтэй бүсэд барих 100 метрээс дээш, зургаан баллынхад бол 75 метрээс өндөр барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг заавал тооцох ёстойг заажээ. Гэвч эдгээр стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга, байгууламж нийслэлд маш цөөн байгааг мэргэжлийн архитекторууд болон хот төлөвлөгчид онцолж буй. Товчхондоо манайд барилга барихын тулд эхлээд санхүүжилтээ олж, ерөнхий рамаа босгосны дараа норм нормативд нийцүүлэх дүрэм үйлчилдэг гэх.
Монгол оронд тохиолддог гамшиг, аюулт үзэгдлээс хамгийн их анхаарал татдаг нь газар хөдлөлт бөгөөд давтамж, хүч нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Гэтэл бид өнөөдрийг хүртэл гамшгийн бэлэн байдлаа сайжруулж чадаагүй, харин ч бүр нэмж өндөр барилга “босгосоор”. Мьянмарт өнгөрсөн гуравдугаар сард газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 5456 хүн амиа алдаж, хэдэн мянган барилга, байгууламж сүйдсэнийг уншигч та бү хэн санаж буй байх. Тэгвэл өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай Монголд ийм хэмжээний аюул болбол бид хэрхэх билээ. Өнөөх олон давхар шилэн барилга биднийг хамгаалж чадахгүй л болов уу.
Э.Сүйлэн