Багшийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, үзлэг, оношилгоо зохион байгуулах зорилгоор Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт 2023 онд байгуулсан билээ. Тэгвэл тус төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцав. Эл төвөөр дамжуулан 4000 орчим багш эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй талаар тухайн эмнэлгийн эмч нар хэлсэн. Энэ нь хангалтгүй тоо болохыг Боловсролын сайд шүүмжилж, улсын хэмжээнд 50 мянга гаруй багш ажиллаж байгаа учир илүү олон хүнийг хамруулж, үйл ажиллагаагаа таслахгүй авч явахыг сануулсан юм. Төвийн талаарх мэдээлэл, үйл ажиллагаа, III шатлалын эмнэлэгт цаг захиалах зэрэг шаардлагатай мэдээллийг багш нар “Эмч” аппликэйшнээс авах боломжтой аж. Багшийн эрүүл мэндийг дэмжих төвөөр дамжуулан нийт 2294 хүн үзүүлсэн бөгөөд тэдний 105 нь мэс засал, ажиллавар, эмийн эмчилгээ хийлгэжээ. Үүний дотор хавдрын хоёр тохиолдол илрүүлж, шаардлагатай хагалгааг хийсэн байна. Мөн багш нарын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, мэдрэл, үе судлалын чиглэлийн өвчлөл зонхилж буйг дурдсан. Түүнчлэн зөвхөн багш, ажилтан гэлтгүй сурагч, оюутнуудын дунд эрүүл мэндийн сургалт зохион байгуулж буй аж.
Цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийт багш, ажилтныг хамруулан, өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах талд эрүүл мэнд, боловсролын салбарынхан санал нэгдэв. Багшийн эрүүл мэндийг хамгаалах нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ сурагч бүрд чанартай боловсрол хүргэхэд чиглэсэн бодлогын чухал хэсэг болохыг ч онцолсон юм.
Ч.Туяа