Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүн нар саяхан Брюссельд уулзаж, батлан хамгаалах бодлого хийгээд өөрсдийгөө Оросоос хамгаалах асуудлыг хэлэлцэв. Европын зөвлөлийн дарга Антониу Кошта гишүүн орнуудын тэргүүн нарт илгээсэн урилгадаа “...гаргах ёстой шийдвэрийн хөрсийг нь бэлтгэх, Европын батлан хамгаалах ирээдүйн талаар зааварчилгаа өгөх нь энэ уулзалтын зорилго байх болно” гэсэн байв. Энэ оны зургаадугаар сард болох албан ёсны дээд хэмжээний уулзалтаар батлан хамгаалахтай холбоотой асуудлыг мөн хэлэлцэнэ хэмээн бас мэдэгдсэн байлаа.
Брюссельд болсон яриа хөөрөөний үндсэн сэдэв нь Европын батлан хамгаалах хүчин чадлыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, түнш улсуудтай тогтоосон харилцаагаа гүнзгийрүүлж, бэхжүүлэх тухай юм. Түүнчлэн Европын Холбоо, АНУ-ын харилцааны талаар байр сууриа солилцсон байна. Европын зөвлөлийн тэргүүний үзэж буйгаар Европт учирч болох аюулын тухайд гишүүн орнуудын удирдагчид адил төстэй бодолтой байв. Түүний хэлснээр Украин дахь үйл явдал Европын аюулгүй байдал, эдийн засагт нь аюул занал учруулж байгаа аж. Украинд шударга, бат бэх энх амгалан тогтоох, эсэхээс Европ дахь энх амгалан байдал хамаарна. Геополитикийн байдал нь Ойрхи Дорнодоос шалтгаалж ойрын ирээдүйд ноцтой болж болзошгүй гэж тэр тэмдэглэсэн байна.
Яриа хөөрөөгөө хоёр үндсэн зарчимд төвлөрүүлэхийг Кошта санал болгов. Нэгдүгээрт, өөрийгөө батлан хамгаалах тухайд Европ өөрөө илүү өндөр хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, гишүүн орнууд нь өөрийн зэвсэгт хүчний төлөө цаашдаа ямагт анхаарах ёстой гэж Европын зөвлөлийн дарга Кошта тайлбарлажээ.
Уг уулзалтад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарыг бас урьжээ.
Дээд хэмжээний уулзалтад зориулж бэлтгэсэн материалд өгүүлснээр сүүлийн хэдэн жилд тус Холбооны батлан хамгаалах салбарын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, 2024 онд 326 тэрбум евро хүрсэн нь 2021 оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Гишүүн орнуудын тэргүүн нар Оросыг “байнгын аюул” хэмээн үзэж байв. Финляндын Ерөнхий сайд Петтери Орпо “Европын орнууд, Европын Холбоо Оросыг ийн үзэж буй нь санаа бодол төдий биш бодит байдал юм. Тийм учраас Европын Холбооны гишүүн орон бүр батлан хамгаалах салбартаа аль болох их хөрөнгө хуваарилахад бэлэн байх ёстой” гэж хэлсэн байна.
“Энэ дайнд Украин ялах ёстой. Ялах боломжийг бид Орост олговол Путин даварна” гэж Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ. Хамгаалахын тулд батлан хамгаалах аж үйлдвэрээ хүчирхэг, ажлыг нь түргэн хурдацтай болгож, бид өөр хоорондоо нягт хамтран ажиллаж, Украиныг ялах боломжоор хангах ёстой гэдэгт Данийн Ерөнхий сайд итгэлтэй байв. Европын Батлан хамгаалах холбоо бий болгох нь чухал болохыг Люксембургийн Ерөнхий сайд Люк Фриден онцлон тэмдэглэв.
НАТО-гийн гишүүн орнууд жил бүр батлан хамгаалахад зориулах хөрөнгөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тав хүртэлх хувь болгож нэмэгдүүлэх ёстой гэж Дональд Трамп мэдэгдээд, эс тэгвэл Умард Атлантын эвслийн хамтран хамгаалах тогтолцоонд Вашингтон оролцохоо болино хэмээн нэгдүгээр сарын эхээр сүрдүүлсэн юм. Трампын энэ уриалгыг Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч Кая Каллас, Европын Холбоог даргалж байгаа Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар дэмжсэн байдаг. Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч байхдаа энэ зардлыг ДНБ-нийхээ хоёр хувьд хүргэхийг шаардсан ч Европын Холбоо, НАТО-гийн гишүүн Итали, Испани, Португал, Люксембург гэх мэт улс энэ зорилгыг одоо хэр нь хэрэгжүүлээгүй байгаа.
Канад, Мексик, Хятадын бараанд гаалийн татвар тогтоохоор шийдвэрлэсний дараа Дональд Трамптай хэрхэн харилцах талаараа ярилцах асуудал Европын Холбооны гишүүн орнуудын тэргүүн нарын өмнө босож иржээ.
Трампын энэ бодлого Америкийн эртний түнш Мексик, Канадын олон жил үргэлжилсэн худалдааны хэлэлцээрийг зөрчсөнөөр энэ хоёр улс хатуухан хариу барихад хүргэсэн аж. Канадын Ерөнхий сайд АНУ-аас орж ирдэг бараанд 25 хувийн татвар ногдуулж, энэ нь 155 тэрбум ам.доллар болсон байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Америкийн согтууруулах ундаа, жимсэнд 30 тэрбум ам.долларын татварыг АНУ-ын шинэ тариф хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн ногдуулна гэж мэдэгдээд байгаа. “Энэ бол Америкийн ард түмэнд илгээж буй шинэ үр дүн” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Цагаан ордны энэ үйлдэл бидний хамтрах замыг хаан хуваагдуулж байна” гэж мэдэгдээд “Энэ нь олон хүний хувьд хамтран нэгдэх замыг хаасан” гэжээ.
Брюссельд хийж буй албан ёсны бус, нэг өдрийн энэ уулзалтаас ямар нэг мэдэгдэл, шийдвэр гаргахгүй юм.
Гренландыг АНУ-д өгөхийг Трамп Европын Холбооны гишүүн Данид уриалж, энэ зорилгоор Копенгагенд цэргийн болон эдийн засгийн дарамт үзүүлэх боломжийг үгүйсгэхээс татгалзсан нь эдний хоорондын харилцаан дахь түгшүүртэй байдлыг нэмэгдүүлж орхисон билээ. Дипломатчдын хэлж буйгаар санхүүгийн асуудлыг хэлэлцэх нь онцгой төвөгтэй бөгөөд Европын орнуудын санхүүгийн байдал нь зардлыг үлэмж хэмжээгээр нэмэх боломж бага байгаатай холбоотой аж. Балтийн орнууд болон Франц улс батлан хамгаалах зардлаа Европын Холбооноос зээл авах замаар нэмэгдүүлэх бодолтой байгаа бол Герман, Нидерланд улсууд эрс эсэргүүцэж байна. Тэгвэл өнөөгийн байдлаар АНУ ч ДНБ-нийхээ таван хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж чадахгүй байгаа, энэ үзүүлэлтийг НАТО-гийн үнэлгээгээр 4.1 хувьд хүргэсэн Польш улс тэргүүлж яваа юм.
“Батлан хамгаалах салбартаа оруулах хөрөнгөө нэмэгдүүлэх нь бидний эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, Европын Холбооны технологийн давуу байдлыг Европ дахинд хөгжүүлж, ажлын байр бий болгох боломж олгох, аж үйлдвэрийн секторын тусламжтайгаар урагшлуулах болно” гэж Антониу Кошта бүр уулзалтын эхэнд хэлсэн байна.
Британийн Ерөнхий сайд Кир Стармер уулзалтын эцэст болсон оройн зоог дээр Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагчтай анх удаа уулзжээ. Британи нь ялангуяа батлан хамгаалах салбарт Европын Холбооны гол түнш юм.
Трамп Канад, Мексикийн бараанд 25, Хятадын бараанд 10 хувийн гаалийн татварыг дөнгөж тогтоочхоод “Европын ээлж ирнэ. Европын Холбоо бидэнд маш муу хандаж байна” гэж заналхийлэх аястай хэлсэн нь Оросын аюулын өмнө, Америкийн Ерөнхийлөгчийн дарамт дор цэргийн зардлаа нэмэхэд хүрсэн нь Брюссельд цугларагсдын тархин дундуур татаад авах шиг болов хэмээн “Reuters” тэмдэглэсэн байв. “Өнөөдөр Украинд болж буй үйл явдал, Америкийн Ерөнхийлөгч Трампын шинэ засаг захиргаанаас хийж буй мэдэгдлүүд бидний хамтын аюулгүй байдалдаа илүүтэй нэгдмэл, идэвхтэй байхыг шаардаж байна” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ. Худалдааны дайн үүсгэх гэсэн Трампын хүсэлд европчууд ямар хариу үзүүлэх талаар сэтгүүлч сонирхоход Макрон “Европ тогтоож чадах хүчний хувьд өөрийгөө хүндэтгэж, өөрөөр хэлбэл хариу үйлдэл хийх ёстой” гэж хариулсан байна. Тэгэхдээ Польшийн Ерөнхий сайд Дональд Тускийн хэлсэнчлэн “ашиггүй, мулгуу” үйлдэл болох худалдааны дайнаас ямар ч үнээр болов зайлсхийх нь европчуудын эрхэм зорилго байх биз ээ. “Эдийн засгийн томоохон бүс нутгийн хувьд Европ гаалийн татварын бодлогод мөн гаалийн бодлогоор хариу барьж болно” гэж Германы Канцлер Олаф Шольц тэмдэглэжээ.