
Лхагва гарагт АНУ Калифорни мужийн Ванденберг нисэх хүчний баазад цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, тив алгасагч “Minuteman III” баллистик пуужинг харваж туршжээ.
"Цэнэггүй пуужин Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад орших Кважалейн шүрэн арал дахь сансрын болон пуужингийн хамгаалалтын туршилтын талбай руу ойролцоогоор 4,200 миль (6750км) нисэв" гэж АНУ-ын Сансрын Хүчний 30-р жигүүр мэдэгдэлдээ дурджээ.
Туршилтыг Minuteman III пуужингийн системийн бэлэн байдал, нарийвчлалыг тогтмол шалгах ажлын хүрээнд хийсэн бөгөөд AFGSC-д (АНУ-ын Агаарын цэргийн хүчний Глобал цохилтын командлалын) үнэтэй мэдээлэл цуглуулах боломжийг олголоо гэж тус байгууллага онцлов.
Америкийн эрдэмтдийн холбооны “Nuclear Information Project”-ийн (Цөмийн Мэдэллийн Төсөл) мэдээлснээр, тус улсын Агаарын цэргийн хүчин зургаан мянган милийн (9650 км) тусгалтай 400 орчим “Minuteman III” пуужинтай бөгөөд эдгээр нь Колорадо, Монтана, Небраска, Хойд Дакота, Вайоминг мужуудад байрладаг аж.
Туршилт сүүлийн хоёр сарын хугацаанд хийсэн хоёр дахь нь бөгөөд өмнө нь есдүгээр сард АНУ-ын Тэнгисийн хүчин Атлантын далайд цэнэггүй дөрвөн Trident II D5 пуужин харвасан юм. Minuteman III пуужинг өмнө нь хоёрдугаар сард туршиж байсан.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг тушаасан. Эл шийдвэрээ тэрбээр бусад улс орнууд мөн адил хийж байгаа тул хэмээн тайлбарласан.
10-р сарын 28-нд ОХУ “Посейдон” цөмийн хөдөлгүүртэй нисгэгчгүй шумбагч аппаратыг амжилттай туршсан. Эл зэвсэг нь ердийн болон цөмийн зэвсгийг тээвэрлэх, дайсны нисэх хүчний бүлэглэл, эргийн бэхлэлт, дэд бүтцийг цохих чадвартай юм.
Үүнээс өмнө тус улс “Буревестник” хязгааргүй тусгалттай далавчит пуужингийн туршилт хийсэн. Ерөнхий штабын дарга Валерий Герасимовын мэдэгдснээр пуужин 15 цагийн дотор 14,000 км замыг туулсан байна.