
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадурог засгийн эрхээс зайлуулахын тулд Өмнөд Америкийн тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах гурван хувилбарыг авч үзэж байгаа тухай New York Times (NYT) мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр, эхний хувилбар Венесуэлийн цэргийн обьектуудад агаарын цохилт өгөх, Мадурог дэмжих цэргийн хүчний дэмжлэгийг сулруулах явдал юм.
Хоёр дахь хувилбараар Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчлах эсвэл алахаар Тэнгисийн цэргийн SEAL-ийн тусгай анги нэгтгэлийг илгээх юм.
Гурав дахь төлөвлөгөөний дагуу Вашингтон Венесуэлийн нисэх онгоцны буудал, газрын тосны ордууд болон зарим дэд бүтцийн байгууламжийг эзлэх авах терроризмын эсрэг хүчнийг илгээж болно.
Тус хэвлэлд бичсэнээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер зэрэг АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтнууд Венесуэлийн асуудлыг цэргийн аргаар шийдвэрлэхийг шаардаж байгаа.
Харин Ерөнхийлөгч Трамп "Америкийн цэргийн албан хаагчдыг аюулд оруулах эсвэл ичгүүртэй бүтэлгүйтэлд хүргэж болзошгүй" үйл ажиллагаанд зөвшөөрөл өгөхөд хараахан бэлэн биш байгаа аж.
Нийтлэлд тэмдэглэснээр Карибын тэнгист АНУ-ын байлдааны онгоц тээвэрлэгч Gerald Ford хөлөг онгоц ирэх хүртэл Цагаан ордон Трампыг шийдвэр гарга гэж тулгахгүй. Хөлөг онгоц энэ нь 11-р сарын дундуур товолсон газраа хүрнэ гэсэн таамаг байгаа.
Тус бүс нутагт ойролцоогоор 10,000 Америкийн цэрэг хэдийнээ байршилсан бөгөөд тэдний тал хувь нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцонд, нөгөө тал нь Пуэрто Рико дахь АНУ-ын баазуудад байгаа тухай NYT бичжээ.
Вашингтон Венесуэлийн засгийн газрыг хар тамхины наймаатай тэмцэхэд хангалттай идэвхтэй бус байна гэж буруутгасан. Энэ шалтагаар АНУ Карибын тэнгисийн бүс нутагт их хэмжээний хүч байршуулаад байгаа.
Өмнө нь The New York Times сонинд мэдээлснээр, 10-р сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлтэй хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэх бүх оролдлогыг зогсоохыг тушаасан төдийгүй Венесуэлд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг Төв Тагнуулын Газар (ТТГ)-д зөвшөөрсөн юм.
Энэ тухайгаа Ерөнхийлөгч олон нийтэд мэдэгдсэн бол ТТГ Мадурог хөнөөх оролдлогыг зөвшөөрсөн эсэх талаар асуултад хариулахаас татгалзсан.
Венесуэл улс сүүлийн 100 жилийн хугацаанд АНУ-ын зүгээс ирж буй хамгийн ноцтой аюул заналхийлэлтэй тулгарч байгааг Мадуро удаа дараа мэдэгдэж байсан.
The Miami Herald сонины мэдээлснээр АНУ-ын засаг захиргаа Венесуэл дэх цэргийн байгууламжуудад халдахаар шийдсэн байна. Сонинд дурдсанаар, эдгээр цохилтууд ойрын өдрүүдэд эсвэл бүр хэдэн цагийн дотор болж магадгүй юм.