БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголоос 40 харваач улсаа төлөөлж, 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрөлд 32 орны 600 гаруй тамирчинтай 12 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Тэнгэрийн сум” багийн тамирчин, аймгийн гоц харваач Б.Ганзориг 30, 70 метрийн төрөлд түрүүллээ. Тэрбээр бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагнал хүртэв. Түүнээс гадна эмэгтэй харваачдаас 90 метрийн төрөлд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль гардлаа.