Олон улсын олимпиадыг ирэх сард хаана, хэзээ зохион байгуулах тов гарчээ. Тодруулбал, ирэх сарын 7-нд англи хэл, математикийн олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулах юм. 8-18 насныхан оролцох боломжтой “TeenEagle english” олимпиад нь нэг ном уншиж, эсвэл нэг кино үзээд үүнтэй холбоотой асуултад хариулж шалгуулдаг аж. Урьдчилсан шатны шалгаруулалтад 40 хувиас дээш гүйцэтгэсэн бол Лондон хотод аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох нь. Математикийн олимпиад нь Британийн сургалтын хөтөлбөрийн дагуу аажмаар хүндрэх 30 асуумжийг 90 минутад гүйцэтгэдэг гэнэ. Эдгээр олимпиадад ирэх сарын 4 хүртэл бүртгүүлэх боломжтой.
Мөн “OlympiadUSA” олимпиадын урьдчилсан шатны цахим шалгаруулалт ирэх сарын 14- нд болох бөгөөд оролцогчдыг бүртгэж эхэлжээ. АНУ-ын Хьюстон хотод өнгөрсөн онд зохион байгуулсан эл олимпиадад манай улсын дөрвөн сурагч алтан медаль хүртэж байжээ. Азийн орнуудын 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг англи хэл, математик, байгалийн ухааны олимпиадыг Малайзын Куала Лумпурт ирэх сарын 12-16-нд зохион байгуулах нь. Эл олимпиад нь тус улсын STEM хөтөлбөрийн хүрээнд өрнөдгөөрөө онцлог. Түүнчлэн Сингапурт төвтэй “Stem competition” байгууллагаас англи хэлний төрөлд анх удаагаа олон улсын олимпиадыг арваннэгдүгээр сарын 21-22- нд товложээ.
Ч.Цэлмэг