"Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг 14 дэх удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” буюу Олон улсын тогооч нарын тэмцээнд Монгол тогооч нар оролцож зургаан медалийн эзэд болжээ.
Энэ сарын 11-нээс 14-ний хооронд БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдсан уг тэмцээнд дэлхийн 20-иод орны 2000 гаруй тогооч оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны Гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын 5 тогооч амжилттай оролцож багаараа Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт 6 мөнгөн медаль хүртжээ.
Мөн тус тэмцээний үеэр Дэлхийн тогооч нарын холбооны зүгээс зохион байгуулсан олон улсын шүүгчийн сургалт семинарт МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Р.Батбаатар нар оролцож, ОУ-ын шүүгч болох эрхээ авч Монголын анхны ОУ-ын эрхтэй шүүгчид болж байгаа юм.
Мастер тогооч нар өнөөдөр эх орондоо ирнэ.
Дашрамд дурдахад, Манай улсын тогооч нар 2010 оноос хойш ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг Дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар яваа билээ.