Иргэн, аж ахуйн нэгжүүдийг автомашин худалдан авахдаа ШШГЕГ-аас лавлагаа авч байхыг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, автомашин худалдан авахдаа тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх ёстой эсэхийг шалгаж байх ёстой аж. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг аж.
Тиймээс ШШГЕГ-аас 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирч байгаа аж. Иймд тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ худалдан авах гэж буй тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаар Шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа авсаны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байхыг зөвлөсөн байна.