Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд хий үнэртэж мансуурах нь ихсэж буй. Цөөн жишээ дурдвал, Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд хий үнэрлэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдаж байв.
Мөн Өвөрхангай аймагт 15 настай охин хий үнэрлэж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Тэрбээр 12 настайгаасаа эхлэн хий үнэрлэсэн нь тогтоогдсон байдаг. Өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт 13-16 настай гурван хүүхэд машинд хий үнэрлэж, улмаар хийн баллон нь дэлбэрч түлэгдсэн.
“Хангай” хэмээх зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртсөн тохиолдол ч бий. Энэ үйл явдал шөнийн 03.00 цагийн орчим болсон бөгөөд хүүхдүүд 25-30 хувийн түлэгдэлттэй эмчлүүлж байсан. Хамгийн сүүлд энэ сарын 1-нд “Өргөө-2” кино театрын ариун цэврийн өрөөнд сурагчид хий үнэртэж байгаад баригдсан.
Тэгвэл өнгөрсөн даваа гаригт 17 настай гурван хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад нэг нь амиа алдсан хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн XIII хороонд оршин суух П, мөн дүүргийн XIV хорооны иргэн Б, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын IV багт оршин суух хаягтай Э нар ахуйн хэрэглээний хий үнэрлэж, улмаар Б нь ухаан алдаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.
Хий нь орчноо хүчтэй хордуулдаг бөгөөд үнэртвэл амьсгал нь боогдож, үхэлд шууд хүргэх аюултай. Хэдийгээр Б эмнэлэгт очиж, анхан шатны тусламж авсан ч сэхэлгүй нас барсан байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалган, хэргийн газарт үзлэг хийж, “Хүрхрээ” хэмээх шар айрагны шил, “safe butane” хэмээх хийн баллоныг эд мөрийн баримт болгож хураан авчээ.
Г.ЦЭЦЭГ