Амралтын өдрийн өглөөг шинэхэн цас, цэнгэг агаартай угтах шиг сайхан зүйл үгүй. Хотын дуу чимээ, утаа манангаас түр ч атугай холдоход өвлийн байгаль хамаг гоо үзэсгэлэнгээ дэлгэж, мөнгөн туяа татсан цагаан тал биднийг угтан авдаг билээ. Цэвэр агаар, сэвсийсэн цагаан цас, үдшийн гэрэлтүүлэг сүлэлдэх тэрхүү торгон агшин таны нүдийг баясгаж, өвлийн улирлыг хайрлах нэгэн шалтгаан болдог нь дамжиггүй.
Хэдийгээр өвлийн улирал хүйтэн, жавартай ч гэрэл зургийн хальснаа хамгийн амьд, хамгийн дулаахан дурсамжийг үлдээдэг ид шидтэй. Цасан дээр цангинах хүүхдүүдийн инээд хөөр, баясгалантай дүр төрх нь хахир хүйтнийг ч мартуулж, амралтын өдрийг илүү утга учиртай болгодог.
Иргэд ийнхүү өвлийн баяр баясгаланг мэдэрч байх хооронд мэргэжлийн тамирчид маань ч бэлтгэлээ базаасаар байна. Итали улсад ирэх сарын 6-22-нд болох 25 дахь удаагийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд манай улсаас уулын цанын төрөлд нэг, гүйлтийн цанынхад хоёр тамир чин хурд хүчээ сорих юм. Тэгвэл “Sky resort” цанын баазынхан нийгмийн хариуцлагын хүрээнд олимпод оролцох тамирчдаас гадна үндэсний шигшээ багийн өсвөр, залуу үеийнхнийг бэлтгэл хийх боломжоор үнэ төлбөргүй хангаж байна. Ингээд амрагч олны баяр баясгалан, тамирчдын маань бэлтгэлийн торгон агшнуудыг манай зурагчин Э.Харцагын дуранд буулгаснаар хүргэе.