Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-ын зөвлөлийн хурал уржигдар болж, удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд тус зөвлөлийн гишүүн З.Ган-Очирыг сонгожээ. Зөвлөлийн даргаар ажиллах болсон тэрбээр МУУҮА-ын гүйцэтгэх захирлын үүргийг мөн түр хавсран гүйцэтгэх юм байна.
З.Ган-Очир нь Канадын “Хэйлибюри” коллежийн Уул уурхайн сургууль болон ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэн, Нью-Йоркийн их сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Канадын “Nanisivik” цайрын далд уурхайд маркшейдерээр ажлын гараагаа эхлэн “Asia gold”, “Хөх тэнгэр минералс”, “Aspire mining” зэрэг уул уурхайн салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад мэргэжлийн болон удирдах түвшинд ажилласан туршлагатай. Түүнчлэн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд зэс, лити, никелийн чиглэлээр хайгуул явуулдаг “Azzuro resources” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.
Г.Сансар