Энэ жил болсон Парисын олимпод төвийг сахисан эрхтэй, нэлээд хэдэн, гайхаш төрөм нөхцөлтэйгөөр оролцох боломж Оросын тамирчдад олдсон юм. Спортын төрлүүдийн холбоод нь болон Олон улсын олимпын хороо тэднийг оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлэх ёстой байв. Харин багийн төрөлд оролцохыг эхнээсээ л хориглосон. Ингээд цөөнгүй тамирчин оролцож, олон хүн урилгаас татгалзан, зарим нь оръё гэлээ ч боломжгүй хариу авсан байдаг. Ингээд оросууд теннис, дугуй, трамплинаас үсрэх, каноэ завиар болон усанд сэлэх төрлүүдэд ердөө 15-уул оролцохоор болсон юм. Үүнээс гадна жүдо, спортын барилдааны үндэсний холбоод нь ОУОХ-той санал зөрөлдсөнөөс 13 тамирчин олимпод оролцсонгүй. Оросын иргэний үнэмлэхтэй ч төвийг сахисан далбаан дор оролцсон оросууд белорусчуудаас цөөн байлаа. Төвийг сахисан статустай оролцсон Белорусын эрэгтэй, эмэгтэй тамирчин медаль хүртсэн. Олимпод оролцсон Оросын тамирчдаас теннисчин Данийл Медведев анхаарал татсан нь эргэлзээгүй. Тэрбээр 1996 онд Москвад төрж, 2014 онд гэр бүлээрээ Францад очиж, Канныд байдаг Жан-Рене Лиспарын удирдсан Flite Tennis Сenter-т бэлтгэл хийх болсон юм. Медведев одоо Монте-Карлод амьдарч буй. Тамирчин болсноор 41 сая гаруй ам.доллар олсон байдаг. Данийл Медведев 2021 онд АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний ялагч болж, “Их дуулга”-д ганцаарчилсан тоглолтод таван удаа шалгарч, Ази-Номхон далайн бүсийн 2020 оны тоглолтод аваргалж, 2021 онд Оросын шигшээ багт тоглоод Девисийн цом авсан юм. Эрчүүдийн үндэсний хэмжээний чансаагаар тэргүүлж буй, дэлхийд тавд ордог тамирчны хувиар сая олимпод оролцжээ. Харамсалтай нь Парист оросуудын найдлага болж байсан Медведев Канадын Феликс Ожа-Альямсэд хоёр хожигдов. Роман Сафиуллин, Павел Котов, Елена Веснина, Екатерина Александрова нарт горьдлого байсангүй. Алдар цолтой теннисчин Андрей Рублев, Карен Хачанов хоёр олимпод оролцохоос татгалзсан байлаа.
Олимпын аварга, 37 настай Елена Веснина Парисаас ирмэгцээ зодог тайлж буйгаа мэдэгдэв. 17 настай Мирра Андреева одоо Каннад теннисийн академид бэлтгэл хийж байна. Олимпоос өмнө энэ охин Орост дөрөвт, дэлхийд 23-т эрэмбэлэгдэж байсан юм. Диана Шнайдер түүнээс 20 насаар эгч. Тэрбээр 2022 онд АНУ-ын Умард Каролины их сургуульд орсон, одоо түүний нэрээр Оюутны үндэсний холбооны тэмцээнд оролцож байгаа.
Завиар уралдагч Захар Петров 2004 онд Рязань мужийн Касимовын районд төржээ. Унгарын Сегедэд 2024 оны тавдугаар сард болсон Европын 1000 метрийн шигшээ тэмцээнд I байр эзэлж, олимпод оролцох эрхтэй болсон байна. Алексей Коровашков 32 настай, түүнээс ах, туршлагатай. 500 метрийн төрөлд дээрх тэмцээнд Иван Штылевтэй хосолж оролцоод олимпын эрх авчээ. Дэлхийн 17, Европын есөн удаагийн аварга Штылевийг олимпод оролцохыг ОУОХ зөвшөөрөөгүй тул Захар Петровтой хамтрахаар Коровашков шийдсэн ч урьд нь тэд хамт тэмцээнд оролцож байгаагүй, Парист өөрсдийн завьтай ирэхийг зөвшөөрөөгүй зэрэг бэрхшээл тохиолдсон аж. Энэ хоёр тамирчин харамсалтай нь Парист алтан медаль авч чадсангүй. 32 настай Олеся Ромасенко Унгарын Сегедэд 200 метрт ганцаараа оролцоод гуравдугаар байр эзэлсэн ч олимпод оролцохоор шалгарсангүй, гэтэл Польшийн Дорота Боровска хар тамхи хэрэглэсний улмаас хасагдаж, олимпод оролцох эрхийг нь Олесяд шилжүүлэв. Дугуйчин 30 настай Тамара Доронова одоо дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд Швейцарын “Roland Cycling” багийг төлөөлж оролцож буй. Швейцарын энэ багийн спорт эрхэлсэн захирлаар Сергей Климов гэдэг орос хүн ажиллаж байгаа юм. Тамара Парисын олимпод өөрийн тогтоосон чансаагаар оролцсон. Тэрбээр Парист очсон Оросын 15 тамирчны дотор “Токио-2020”-д оролцсон цөөн хүний нэг нь. Новогородын уугуул Алена Иванченко 20 настай, одоо Санкт-Петербургэд аж төрж, Арабын нэгдсэн Эмиратын багт уралдаж байгаа, дэлхийн залуучуудын гурван удаагийн аварга юм.
Дугуйчин Глеб Сырица Санкт-Петербургэд төрсөн, 24 настай, Казахстаны багт орсон, урьд нь Испанийн багийн өмнөөс тэмцээнд орж байсан. Трамплинаас үсрэх төрөлд Санкт-Петербургийн 19 настай Анжела Блауцевад их найдаж байлаа. Тэрбээр Бакуд болсон дэлхийн цомын тэмцээнд II орж олимпод оролцох нэг эрхийг Орост авчирсан юм. Парист Анжела 16 оролцогчоос IV байр эзэлсэн. Дараагийн олимп болоход тэрбээр ердөө 23 настай байна.
Усанд сэлэх төрөлд Санкт-Петербургийн 25 настай Евгений Сомов ганцаараа оролцсон. Одоо Сомов АНУ-ын Калифорни мужийн Окленд хотод амьдарч, бэлтгэлээ хийж буй. Тэнд очоод уджээ. Хоёр жил завсарлаад их спортод саяхнаас эргэж ирээд Америкт болсон уралдаанд 100 метрт Оросын дээд амжилт тогтоосон. Харин Парист 50 метрийн чөлөөт сэлэлтэд 73 тамирчнаас 44 дүгээрт орж бүтэлгүйтжээ.
“Парис-2024”-т оролцсон тамирчдынхаа нэрсийг хараад оросууд “инээдтэй юм боллоо” гэцгээж байна. Оросын паспорт өвөртөлж Парист очсон 15 хүний бараг тэн хагас нь хилийн чанадад амьдарч, бэлтгэл сургуулилалтаа тэнд хийдэг хүмүүс юм байна. Дөрвөн жилийн өмнө допингийн эсрэг хатуу тэмцэж, цар тахлын хязгаарлалт тогтоосон нөхцөлд Токиод Оросын 336 тамирчин очиж байжээ.
Тухайн үед Владимир Путин олимпод өөрийн улсын далбаагүйгээр оролцох нь тамирчны өөрийнх нь хувийн сонголт байх болно гэж хэлсэн аж. Харамсалтай нь яагаад ч юм бэ “хувийн сонголт”-ыг тамирчид биш, Оросын спортын холбоодын улс төржсөн зарим удирдагч өөрсдөө хийхээр шийджээ. ОУОХ дураар загнаж олимпод оролцогчдын нэрсээс Оросын багийн спортын төрөлд оролцох тамирчдыг хасжээ. Энэ олимпоос өмнө ч арми болон хүчний байгууллагад ямар нэг байдлаар хамаардаг (ЦСКА, Динамо) тамирчдыг уралдаан тэмцээнд оролцуулахаа больсон байв. Тэгвэл “олимпод оролцогчийг шалгаруулах тэмцээнд оролцохоос өөрийн дураар татгалзсан, нэгэнт авсан эрхээ эдлээгүй тамирчдыг юу гэж ойлговол зохилтой вэ. Эх орныхоо далбааг “хэрэглэх” эрхгүйгээр олимпод оролцохыг хувиасаа эрс эсэргүүцэгчид спортын холбоодын удирдлага дотор цөөнгүй байсан нь үүнд нөлөөлжээ. Тэдний дотор Оросын олимпын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков, уран сайхны гимнастикийн холбооны удирдагч Ирина Винер болон бусад хүн байсан аж. Ирина Винер тухайлбал “төвийг сахисан статусаар олимпод оролцох тамирчдыг жирийн олон түмэн уучлахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн.
Оросуудын үзэж буйгаар 2023 онд хөрөнгийг нь “Forbes” 14.4 тэрбум ам.доллар гэж үнэлсэн Алишер Усмановын гэргий саяхан болтол байсан хүн жирийн ард түмний нэрийг барих нь гайхаш төрүүлж буй юм байна. Бас хагас зууны туршид дэлхийн загварыг илэрхийлж байсан Оросын уран сайхны гиминастикийн хувь заяаг хэдий нэр хүндтэй удирдагч ч гэлээ нэг хүний авирт даалгасан нь яагаад ч эрүүл бус явдал гэж үзэж байна. Үнэндээ бол Оросын “уран сайхныхан” холбооны удирдагч болон олон улсын холбооны хоорондын зөрчлийн барьцааны хүмүүс болж хувирсан гэнэ. Энэ байдал нь Оросын охидыг эргээд олон улсын тавцанд гарахад нь сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.
Ер нь Оросын спортын холбоодын удирдагчдын Парисын олимптой холбогдуулж хэлсэн үгээс үзвэл улсынхаа төрийн далбаа, сүлд дууг хэрэглэхгүйгээр дэлхийн спортын баярт оролцсон тамирчдаа “урвагчид” гэж нэрлэхдээ спортод амжилт гаргаж, алдар хүндээ мандуулах хугацаа маш богино, хүмүүс олимпод олон жил бэлтгэдэг, ялалт байгуулах нь тухайн хүний амьдралынх нь мөрөөдөл, хувь хүний асар том амжилт төдийгүй эх орныхоо нэр хүндийг өргөхөд их нэмэр болдгийг ч ер бодолцохгүй байх шиг. Энэ агуулгаар Оросын теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпищев “Хэрэв бид өрсөлдөх гэж байгаа бол ойрын үед олимпын тоглолтыг алгасаж болохгүй. Тухайн хүн урвагч байсан бол эх орноо солимоор. Тэгвэл өнгөрсөн онд манай 988 тамирчин хилийн чанадад тоглосон, теннисчид дэлхийн 69 улсад очиж тоглосон. Хэн ч явчихаагүй. Тамирчид эрхээ өөрсдөө л тодорхойлж байсан” гэж хэлсэн нь оновчтой санагдана.
Эцэст нь, Парисын олимпод оролцохоор өөрсдөө шийдсэн орос хүмүүсийн талаар товч ч гэлээ өгүүлье. Ийм тамирчин 60 гаруй байсан, харамсалтай нь тэд одоо Оросыг биш, өөр улсыг төлөөлж байна. Тэднээс цөөнийг нэрлэхэд л Орос орон юугаа алдаж буй нь ойлгогдох биз ээ. 1989 онд Москвад төрсөн, Миша Зильберман 1991 онд гэр бүлийнхэнтэйгээ Израилд цагаачилж, 1986 оны Европын аварга, ээж Светланатайгаа хос болж өдөн бөмбөг (бадмитон)-ний албан ёсны тэмцээнүүдэд оролцох болжээ. Тэрбээр 2019 онд Европын тоглолтоос хүрэл медаль авч, Парисын олимп түүний хувьд дөрөв дэх нь боллоо. Оросын шигшээ багт багтаагүй, Кавказын уугуул бөхчүүд улс улсын хоёрдугаар багт орон өрсөлдөж явна. Тухайлбал Зелимхан Абакаров, Исмал Дудаев, Чермен Валиев нар байна. Ахмед Тажудинов Бахрений, Магомед Рамазанов Болгарын, Исмаил Мусукаев Унгарын, Даурен Куруглиев Грекийн багийн бүрэлдэхүүнд ороод буй. Цааш нь, Дани, Серби, Словак, Чехийн нэрийн өмнөөс тэмцээнд орж байгаа гэнэ.
Бусад улсын иргэний үнэмлэхтэй оросуудын дундаж нас 27.6. Кипрт очоод байгаа Вера Туголукова хамгийн залуу нь, 15 настай. Хамгийн туршлагатай нь Лондон, Рио-де-Жанейрогийн олимпын шагналт дугуйчин, Азийн олон удаагийн аварга, 44 настай Ольга Забелинская, 2018 онд Узбекийн иргэн болжээ. 2016 онд Европын залуучуудын аварга болж байсан Якутын чөлөөт бөхийн тамирчин Георгий Окороков саяны олимпод Австралын өмнөөс оролцсон, Миша Зильберманы зэрэгцээ 21 настай, 2021 онд дугуйн спортоор дэлхийн аваргаас хүрэл медаль авсан Михиал Яколев Израилын нэрээр Парист очсон. Испанийн төлөө Алиса Ожогина, Полина Берёзина, Италийн төлөө Екатерина Антропова, Киприйн төлөө Елена Куличенко, Арабын нэгдсэн Эмиратын төлөө Арам Григорян, Хорватын төлөө Елена Облова, Чехийн төлөө Соня Артамонова нар гар бөмбөг, усанд сэлэх, уран сайхны гимнастик, хөнгөн атлетик, бөх, далбаат завь, спортын гимнастикаар Парист өрсөлдлөө. 1994 онд Эрхүүд төрсөн, 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2023 оны Европын аварга гимнастикч Екатерина Веденеева Слованийг, 2006 онд Барнаулд төрсөн, дэлхийн зургаан удаагийн, Европын хоёр удаагийн аварга уран сайхны гимнастикч Дарья Варфоломеев Германыг төлөөлж Парисын олимпод оролцсон байна.
Бас нэг зүйл сонирхуулахад, Зөвлөлт, Оросын цагаачдын үр хүүхдүүдээс цөөнгүй хүн Парисын олимпод оролцжээ. Тухайлбал, 1999 оны Оросын аварга, 1997, 1998, 2000 онд шагналт байрт орсон, гар бөмбөгчин Сергей Кукарцевийн хүү Пабло Кукарцев Аргентинаас, олимпын гурван удаагийн аварга Владимир Назлымовын ач охин Татьяна Назлымова АНУ-аас, Зөвлөлтийн теннисчин, ЗСБНХУ-ын гурван удаагийн аварга, спортын гавьяат мастер Александр Зверевийн хүү Саша Зверев Германаас Парист очжээ. Энэ бүхнийг гүйцэд тоочно гэвэл цааш нэлээн урт үргэлжилнэ...