Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Эдгээр төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан, эсэхийг тэд шинжилжээ. Мөн орлого, зарлага, алдагдал, өр гэсэн дөрвөн үзүүлэлтийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг үнэлсэн байна.
Ирэх оны төсвийн төсөл Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зургаан тусгай шаардлагаас дөрвийг нь хангасан гэнэ. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, урсгал зардал ДНБий 30, Засгийн газрын өрийн дээд хэмжээ 60, тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий хоёр хувиас ихгүй байх гэсэн заалтуудыг тус тус хангасан байх нь. Гэхдээ хэлбэр талаас нь харахад шүү дээ. Задлаад үзвэл асуудал их байгаа аж. Зарлага 43.5 их наяд, Засгийн газрын өр ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр тусгасан нь хязгаартаа тулгасан алхам гэж шүүмжлэв. Сүүлийн хоёр жилийн дотор Засгийн газрын өр 21 их наядаар өсчээ. Мөн байгалийн баялагтай орнуудын төсвийн орлогын 90-ээс дээш хувийг татвараар бүрдүүлдэг олон улсын жишиг байдаг. Гэвч ирэх онд эл орлогыг 80 хувь болгон бууруулсан. Оронд нь Оюутолгой болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 3.5 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж буй. Энэ нь татварын бус орлого түүхэн өндөр хэмжээнд хүрсэн үзүүлэлт аж. Хэрэв эдгээр компани ашиггүй ажиллавал төсвийн гүйцэтгэлд эрсдэл учирна. Түүнчлэн голлох эрдсийн бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндрөөр тооцсон, дэлхийн зах зээлийн нөхцөлийг харгалзаагүй гэсэн байна. Тиймээс эл өөрчлөлт нь “Эдийн засгийн бүтцийг гажуудуулсан” хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэсэн юм.
Мөн нэгдсэн төсвийн суурь тэнцэл ашигтай байх, эсэх нь тодорхойгүй, нийт зарлагын өсөлт эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтөөс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангаагүй байжээ. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл нь бүгд зарлага гэж тооцогдох аж. Тиймээс төсвийн зарлага 28.3 хувиар өссөн. Зардлын үр дүн, өгөөжийг хянах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Хөрөнгө оруулалт хангалттай байгаа ч мөн л гүйцэтгэл муу. Урсгал зардлын дарамт, уул уурхайгаас хараат орлого, өрийн өсөлт, үр дүн сул, бодлого төлөвлөлт зөрүүтэй байна хэмээн тэд үзэж, эдгээр алдаагаа засахыг зөвлөлөө. Сонгуулийн жилд зарлага нэмдэг жишиг байдаг ч төсөв ийнхүү тэлэхийн хэрээр төрийн оролцоо нэмэгдсээр байгааг ч сануулав. Төсвийн зарлага ДНБ-ий 37.8 хувьтай тэнцэж, алдагдлыг 2.3 их наяд төгрөг болгосон зэрэг нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нийцэхгүй байгааг дээрх тэд онцолсон.