Д.ГАН-ОЧИР Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D.), дэд профессор
УИХ 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Удахгүй 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг ч хэлэлцэнэ. Эдгээр бодлогын баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, зээл зэрэг үзүүлэлтэд тоон зорилт тавина. Гэхдээ тоон зорилт тавихаас өмнө асуух нэг зүйл бий. Энэ тоо бодит байдлыг хэр үнэн зөв илэрхийлж чадах вэ?
Эдийн засгийн бодлогын амжилт, хэрэгжилтийг ихэвчлэн тоогоор хэмждэг. Эдийн засаг хэдэн хувиар өсөв, инфляц, зээлийн хүү, ажилгүйдэл хэдэн хувьтай байна гэх мэт. Харин тодорхой үзүүлэлтийг зорилт болгож, түүний биелэлтээр бодлогын үр дүнг үнэлэх үед нэг зүйлийг давхар анхаарах шаардлагатай. Зорилтод хүрэх дарамт нэмэгдэхийн хэрээр тухайн үзүүлэлтийн биелэлтэд төвлөрөх нь бодит үр дүнг үнэлэхээс илүү ач холбогдолтой болох эрсдэлтэй.
Энэ санаа 1970-аад оны Британийн мөнгөний бодлогын туршлагаас гарчээ. 1971 онд фунт стерлинг ам.доллартой уялдсан тогтолцооноос гарсны дараа бодлого боловсруулагчид мөнгөний нийлүүлэлтийг хянах замаар эдийн засгийг удирдахыг зорьж байв. Харин Английн Төвбанкны эдийн засагч Чарлез Гүүдхарт 1975 онд тодорхой статистик үзүүлэлтийг бодлогын зорилт болгох үед энэ нь бодит байдлыг хэмжих чадвараа алдах эрсдэлтэйг анхааруулсан. Хожим энэ санааг “Гүүдхартын хууль” хэмээн нэрлэж, “Хэмжүүр зорилт болмогцоо сайн хэмжүүр байхаа больдог” гэсэн энгийн томьёоллоор нийтэд түгсэн байна.
Үүнийг Хятадын ажилгүйдлийн статистикаас харж болохыг “Economist” сэтгүүлийн наймдугаар сарын 22-ны дугаарт онцолжээ. Хятад улс 2018 оноос хойш хотын ажилгүйдлийн түвшинд жил бүр зорилт тавьж ирсэн бөгөөд уг үзүүлэлт олон жилийн турш 5-6 хувь орчимд тогтвортой байжээ. Эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байхад ажилгүйдлийн энэ хэмжүүр бараг хэвээр байгаа нь уг статистик бодит байдлыг хэр сайн тусгаж байна вэ гэсэн асуулт тавихад хүргэсэн юм.
Үүнийг анзаарсан эдийн засагч Эндрю Батсон зорилт байхаа больсон өөр нэг үзүүлэлтэд анхаарал хандуулахыг санал болгожээ. Энэ нь орон нутгийн эрх бүхий байгууллагад ажилгүй гэж бүртгүүлсэн хүмүүсийн тоо юм. Уг үзүүлэлт өмнө нь Засгийн газрын зорилтын нэг хэсэг байсан боловч судалгаанд суурилсан шинэ ажилгүйдлийн үзүүлэлтийг нэвтрүүлснээр зорилт байхаа больж, анхаарлын гадна үлджээ. Харин 2025 оны эцэст бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн тоо огцом өсөж, 12.7 саяд хүрсэн нь Хятадын хөдөлмөрийн зах зээлд бодит дарамт нэмэгдсэнийг илтгэж болохыг тэрбээр дурдсан байв.
Үүн дээр үндэслэн Эндрю Батсон “Гүүдхартын хууль”-ийг нэг алхам өргөтгөсөн сонирхолтой санаа дэвшүүлсэн байна. Энэ бол “Хэмжүүр зорилт байхаа болих үедээ дахин сайн хэмжүүр болдог” гэх.
Эндээс нэг чухал сургамж гарна. Бодлогын зорилтод хүрсэн гэсэн тоо нь бодит байдал сайжирсны бүрэн баталгаа биш. Тухайн үзүүлэлт юуг хэмжиж, ямар хүрээг хамруулж, хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг хамтад нь авч үзэх хэрэгтэй.
Иймд тоон зорилт дэвшүүлж буй болон түүнийг хэмжиж байгаа байгууллагын үүргийг аль болох тодорхой зааглах нь чухал. Хэмжилт хийж байгаа байгууллага нь хараат бус, мэргэжлийн болон арга зүйн өндөр ур чадвартай, шаардлагатай төсөв, нөөцөөр хангагдсан байх нь статистикийн чанарт ч, бодлогын шийдвэр ч тустай. Улсын төсөв, жилийн төлөвлөгөө, үндсэн чиглэл зэрэг баримт бичгээр тоон олон зорилт баталдаг манай нөхцөлд энэ зарчим бүр ч чухал.
Манай улсын хувьд инфляцын зорилтыг Монголбанк санал дэвшүүлж, УИХ-аар баталдаг бол Үндэсний статистикийн хороо (ҮСХ) инфляцыг тооцож, мэдээлдэг нь зорилт тогтоох болон хэмжих чиг үүргийг салгах зарчимд нийцнэ. Гэхдээ ҮСХ нь УИХ-д ажлаа тайлагнахаас гадна жилийн төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлж, Засгийн газраар дэмжүүлэн, УИХ-аар батлуулдаг. Иймээс статистикийн байгууллагын хараат бус, мэргэжлийн ажиллах нөхцөлийг тогтвортой бүрдүүлэх нь зөвхөн чанарын асуудал биш, бодлогын шийдвэртэй ч холбоотой юм.
Энд яригдаж буй зүйл инфляцын статистикт тодорхой харагдана.
Нэгдүгээрт, хэрэглээний сагс, жинг шинэчлэх асуудал. 2025 оны эхэн хүртэл инфляцыг тооцдог хэрэглээний сагсыг таван жил тутамд шинэчилж, 2020 оны сагс, жингээр тооцож байв. Харин бараа, үйлчилгээний үнийн суурь сагс болон жинг гурван жил тутам шинэчлэх болсноор 2025 оноос сагс, жинг 2023 оны түвшинд тооцох болов. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор 2025 оны туршид инфляцыг 2020 оны сууриар тооцсонтой харьцуулахад 0.9 хүртэл нэгж хувиар бага гарч, нэг оронтой тоондоо хадгалагдсан. Өөрөөр хэлбэл, хэмжих сагс, жинг шинэчлэхэд статистикт харагдах инфляц өөрчлөгдөж болно. Инфляцын тоо зөвхөн үнэ хэд байгаагаас бус, аль бараа, үйлчилгээг ямар жинтэйгээр хэмжиж байгаагаас хамаарна.
Хэрэв гурван жил тутам шинэчлэх жишгийг баримталбал 2027, 2028 оноос хэрэглээний сагс, жинг 2026 оны суурь мэдээлэлд үндэслэн дахин өөрчилнө.
Хоёрдугаарт, инфляц тооцоход хамруулах бараа, үйлчилгээний сонголт. Яг аль бараа, үйлчилгээг сагсанд оруулах, тэдгээрт ямар жин өгөхөөс эхлээд хаанахын дэлгүүр, зах дээрх үнийг авч тооцох вэ гэдэг хүртэл олон нарийн асуудал бий.
Одоогийн шатахууны нийлүүлэлтийн хомсдолын үед Евро-5 бензиний үнэ илүү өндөр өсөж байгаа нь үүнийг анхаарахад хүргэнэ. Учир нь Евро-5 бензиний нэр, төрөл инфляц тооцох одоогийн сагсанд байдаггүй. Иймээс түүний үнэ хэдэн хувиар нэмэгдсэн ч инфляцын статистикийг шууд өсгөхгүй.
Ийм нөхцөлд шатахууны компаниудын хувьд Евро-5 бензиний үнийн өсөлтөөс орлого нэмэгдүүлэх, харин инфляц тооцох сагсанд байгаа A92 бензиний үнийг тогтвортой байлгах хөшүүрэг үүсэж болно. Ингэвэл хэмжигдэж буй инфляц бодит хэрэглээний үнийн өөрчлөлтийг бүрэн тусгахгүй байх эрсдэлтэй.
Гэвч бодит байдалд хүмүүс үнийн өсөлтийг төлнө. Статистикт тусахгүй байгаа зардал өрхийн хэтэвчинд нөлөөлнө. Энэ бол инфляцын статистик бодит амьдралын дарамтыг бүрэн хэмжиж чадахгүй болох нэгэн жишээ юм.
Үүнтэй ижил асуудал зээлийн хүүгийн статистикт ч гарна. Төвбанк, Засгийн газраас татаастай хүүтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үед зээлийн жигнэсэн дундаж хүү буурч, бага харагдана. Гэхдээ нийт зээлийн 20 хувь нь зах зээлийн хүүгээс хоёр дахин бага гарч, зээлдэгчдийн 80 хувь нь зах зээлийн өндөр хүүгээр зээл, санхүүжилт авбал дундаж нь зээлдэгчдийн бодит санхүүгийн өртгийг бүрэн илэрхийлэхгүй.
Хэрэв зээлийн хүү зорилт болж, зээлийн дундаж хүүг ингэж харагдуулахын тулд татаастай хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлбэл статистикт харагдах дундаж хүү болон бодит санхүүгийн дарамтын хоорондын зөрүү улам нэмэгдэх эрсдэлтэй.
Монголд өмнө нь хэрэгжүүлж байсан хүүгийн татаастай хөтөлбөрүүдийн туршлагаас үүнийг харж болно. 2013-2016, 2020-2023, 2024 оноос хойших үед өндөр хүүгийн татаастай хөтөлбөрүүдийг их дүнгээр хэрэгжүүлсэн байдаг. Хүүгийн татаасыг Төвбанк үүрснээр түүний алдагдал өснө, харин төсөвт тусгаснаар урсгал зардал нэмэгдэнэ. Татаастай хүүтэй хөтөлбөрийн хэрэгжилтийг нэмэгдүүлснээр зээлийн өсөлтийг дэмжинэ. Урсгал зардал, зээлийн өсөлт нь эдийн засаг дахь эрэлтийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн хязгаарлалттай орчинд инфляцыг өдөөх эрсдэлтэй.
Инфляц өсөж, өндөр түвшинд хадгалагдах тусам зээлийн хүү өснө. Гэхдээ жигнэсэн дундаж зээлийн хүү төдий хэмжээгээр өсөж харагдахгүй байж болно. Учир нь татаастай бага хүү нийт дунджийг доош татна.
Ингэснээр татаастай хүүтэй зээл авч чадсан, чадаагүй хүмүүсийн санхүүгийн нөхцөл эрс ялгаатай болно. Нэг хэсэг нь зах зээлийнхээс үлэмж доогуур хүүтэй санхүүжилт авна. Нөгөө хэсэг нь зах зээлийн өндөр хүү төлнө. Гэтэл энэ ялгаа нэг л “дундаж” хүүгийн цаана харагдахгүй.
Татаастай хөтөлбөрийн нэр, төрөл олширч, зээлийн дүн өсөхийн хэрээр бодлогын хүүгийн санхүүгийн зах зээл, эдийн засагт үзүүлэх нөлөө суларна. Ингэснээр бодлогын хүү өндөр түвшинд хүрч, өссөн хэдий ч инфляцыг бууруулах нөлөө нь тэр хэмжээгээр суларна.
Эцэст нь өндөр инфляц, хүүгийн дарамт орлого багатай бүлгийн нуруун дээр илүү хүчтэй бууна. Инфляц болон зээлийн хүүгийн статистик харьцангуй бага харагдаж болох ч бодит амьдрал дахь санхүүгийн дарамт өндөр хэвээр байх боломжтой.
Хэрэв ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийн зорилтыг албан ёсоор тавьж, хариуцлага ярьж эхэлбэл хэмжүүрийн хамрах хүрээ, аргачлал, мэдээллийн чанарт мөн адил анхаарах шаардлагатай. Төсөв, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоон үзүүлэлтүүдийн нэгтгэл, Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын гаргаж, тайлагнаж буй олон тоон үзүүлэлтэд ч энэ зарчим хамаатай.
Эцсийн дүндээ “Гүүдхартын хууль” нь тоон зорилт тавьж болохгүй гэсэн үг биш. Харин зорилт болгосон үзүүлэлтийг бодит байдлын цорын ганц, бүрэн төгс хэмжүүр гэж үзэхээс зайлсхийхийг сануулдаг. Зорилт тавих тусам түүнд хүрэх анхаарал нэмэгдэнэ. Тиймээс бодит үр дүнг хэмжихийн зэрэгцээ тухайн хэмжүүр нь бодит байдлыг хэр зөв илэрхийлж байгааг тогтмол шалгах шаардлагатай.
Бодлогын түвшинд зөвхөн “Зорилт биелсэн үү” гэж лавлах бус, “Энэ тоо бодит байдлыг хэр сайн илэрхийлж байна вэ” гэж давхар асуух нь зүйтэй. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого зэрэг томоохон шийдвэрийн өмнө энэ асуулт чухал. Иймээс тоон зорилтод хүрсэн, эсэхийг харахдаа нэг зүйлийг нягтлахаа бүү мартаарай! Бид бодит байдлыг хэмжиж байна уу, эсвэл зорилт болгосон тоогоо л бодит байдал гэж ан