Монголбанк бодлогын хүүгээ нэмж, зэх зээл дэх бэлэн мөнгөний урсгалыг бууруулан, улмаар эдийн засгийг агшаах нь гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархсан. Тэд 2025 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ огт өсгөөгүй өдий хүрсэн юм. Тэгвэл тус банкнаас Мөнгөний бодлогын хороогоо ээлжит бусаар хуралдуулж, гаргасан шийдвэрээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж, 12.5-д хүргэснээ мэдээлэв. Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.5 хувиар өсгөн 14.5 болгосон байна.
Төвбанк уг шийдвэрээ инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэх зорилготой гэв. Тодруулбал, инфляц улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 13 хувьтай гарч, сүүлийн дөрвөн жилийнхээ дээд түвшинд хүрчээ. Үүнд шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлснийг онцлоод эдгээр нь суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ. Мөн геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалсан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв ч төсөөлж байснаас өөрчлөгдөн, томоохон банкнууд бодлогын хүүгээ өсгөх эрсдэлтэй байна хэмээв.
Гэсэн ч манай уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй өсөж байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байгааг нэмж тодотгосон. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас тогтворжсоноор инфляц саарч, цаашлаад шатахууны үнийг тогтоон барьж чадвал жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтод түвшинд хүрч буурахаар байгааг хэлсэн. Харамсалтай нь, шатахууны хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнэ өсөх зэрэг эрсдэл өндөр хэвээр байна. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж бодлогын хүүг хэрхэхээ тухай бүрд нь шийднэ гэлээ.
О.Оргилох