Үргэлжлэл. Түрүүч нь №191 (8495), 196 (8500) дугаарт
АНХНЫ ХҮҮХДИЙГ НЬ ҮР ХӨНДӨХИЙГ ЗАВДЖЭЭ
Манай сонин “Төрөх эмнэлэгт түгжигдсэн эрх” цуврал нийтлэлээрээ хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эх барихын тусламж, үйлчилгээ авах эрхийн зөрчил, төрөх эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, үйлчилгээний хүртээмжгүй байдал болон төрсний дараах асаргаа, сувилгаахан галтгүй байгааг, мөн хүүхдийг нь хүртэл хүний тооноос “хасаж”, бодлогын гадна орхигдуулсныг хөндсөн билээ. Улмаар тусгай хэрэгцээт ээжүүд эмнэлгийн үүдээр ороод төрөхийн орон дээр гарах хүртэл, цаашлаад амаржсаны дараах сувилгаа, хүүхдээ асрах зэрэг хүртээмжгүй үйлчилгээний золиос хэрхэн болж буйг сурвалжилсан. Тэгвэл энэ удаад эдгээр зовлон зүдгүүрийг дөрвөн хүүхэд төрүүлэх явцдаа яс махандаа тултал мэдэрч, доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөн, нэг хүүхдээ харамсалтайгаар алдсан, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн Г.Отай уулзаж, төрөх үеийн тусламж, үйлчилгээний хүндрэл, хү чир хий лэл, амаржих газруудын хүртээмж, эмч на рын хүнлэг бус харилцаа, хандлагын талаар ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, өөрт тохиолдсон явдлаа илэн далангүй ярилцах шийдвэр гаргасан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Таны өвчний түүх хэзээнээс эхэлсэн бэ?
-Намайг Г.О гэдэг. 44 настай, гурван хүүхдийн ээж. 2019 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллага байгуулан, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэсээр ирсэн. Би хоёр хөлний түнхний төрөлхийн мултралтай. Хүүхэд байхдаа хагалгаанд орсон ч нэг хөлний мултрал бүрэн эдгэрээгүй, урт, богино үлдсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард “муу” хөлөндөө дахин хагалгаа хийлгэсэн, одоо ч эмчилгээтэй л явна.
-Анхны хүүхдээ хэрхэн өлгийдөн авч байв?
-2005 онд гэр бүл зохиож, улмаар дараа жил нь анхны хүүхдээ өлгийдөн авч, хэмжээлшгүй баяр жаргалд умбаж байлаа. Том охин минь одоо 20 настай. Мэдээж жирэмсэн болсныхоо дараа бусдын л адил өрх, дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орсон. Тухайн үед дүүргийн эмнэлэг хуучирсан барилгатай, цахилгаан шат, налуу зам гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэйчүүдийн тасаг нь II давхарт тул хяналтын үзлэг, шинжилгээгээ хийлгэхээр очих бүрдээ л дээш, доош буухаас өгсүүлээд алхам тутамдаа хүндрэлтэй тулгарна.
Тулгуур эрхтний бэрхшээлээс болоод миний нэг хөл дэлгэгддэггүй. Төрөхөд энэ нь надад маш их хүндрэл учруулсан. Анхны хүүхдээ тээж буй хүн чинь ямар ч ойлголт, мэдэгдэхүүнгүй, үтрээний наацын шин жилгээ өгөхөөр дүүргийн эмнэлэгтээ очив. Эмч шууд л “Хувцсаа тайлаад, орон дээр гараад хэвт” гэх нь тэр. Үзлэгийн орон дээр арайхийн гартал “Хөлөө дэлгэ, ингэ, тэг” гэж загнан зандарч, доромжилж эхэлсэн. Тэр үед л анх удаагаа эмчид хачин их гомдож билээ.
Гэхдээ миний хувьд энэ бол юу ч биш, дөнгөж эхлэл байсан юм. Том охиноо “олох”оос өмнө би орон нутгийн харьяалалтай байлаа. Бие өвдөөд байхаар нь жирэмсэн болсноо ч мэдээгүй, хөдөөнөөс ирээд шууд л Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлж, ЭХО шинжилгээ хийлгэлээ. Гэтэл эмэгтэйчүүдийн эмч нь намайг өрөөнөөс гар гэж хэлсэн. Удалгүй дуудаад “Та энэ бичгийг аваад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) рүү яаралтай яв” гэв ээ. Онош нь ч ойлгогдохгүй, гадаадаар бичсэн байсан тул гайхаж, сандрах зэрэгцээд өнөөхөө аваад тус төв рүү явлаа. Ингээд эмчдээ үзүүлтэл “Та үр хөндүүлэх гэж байгаа юм уу. Түр хүлээж байгаад 14.00 цагт ороод ирээрэй” гэж хэлэв. Би бүр шок, жирэмсэн болсноо тэгж л анх мэдсэн. “Эмч ээ, та юу ярина вэ. Би ийм шийдвэр огт гаргаагүй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч ми ний биеийн байдлын талаар надад ер хэлээгүй шүү дээ” гээд гараад явсан. Энэ талаараа нөхөртөө хэлэхэд бөөн баяр болсон ч “Юун үр хөндүүлөх, яагаад ингэж хүний эрхэд халдаж байгаа юм бэ. Хэзээ ч тэгэхгүй” гээд бид эм нэ лэг рүү эргэж зүглэлгүй, харьцгаасан юм. Өөрөөр хэлбэл, надад мэдэгдэлгүйгээр, хөгж лийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар хүүхдийг ми нь үр хөндөхийг завдсанд үнэхээр гомдолтой байдаг.
Бид хүүхдээ төрүүлэхээр шийдээд, нөх рийн хөө гэрийн хаягийн дагуу эхлээд Баянголын өрх, дүүргийн эмнэлгийн хяналтад ороод, сүүлд албан ёсоор Сүхбаатар луу шилжсэн. Манай дүүргийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг нь мөн л II давхраас дээш, цахилгаан шатгүй тул хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл, өндөр настан, зүрх, судасны өвчтэй, илүүдэл жинтэй хүн хүр тэл үйлчлүүлэхэд хүндрэлтэй байв.
-Та аль төрөх эмнэлэгт амаржсан бэ?
-Хяналтын үзлэгт хамрагдах бүрд эмч “Хүү хэд чинь жин багатай байна, хэвтрийн дэглэм сахь” гэсний дагуу жирэмсний таван сартайгаас төрт лөө бараг хэвтсэн дээ. Гэсэн ч хяналтад ор сон цагаас өгсүүлээд би маш их дарамт, сэтгэл зүйн хүнд гэмтэл, доромжлолыг эмч нараас амссан учраас анхны хүүхдээ өөрийн хөө ээжийн дэргэд төрүүлье гэсэн шийд вэрийг нөхөртэйгөө ярилцаж гаргаад, Өвөр хан гай аймаг руу явсан. Ээж минь Хархорин сумын эмнэлэгт насаараа эх баригч эмчээр ажилласан юм. Тухайн үед тэтгэвэртээ суугаад удаагүй байв. Би ч сумынхаа эмч нарыг таньдаг, ээж ч тэнд байсан учраас сэтгэл санаа минь амар тай ван, дарамт шахалт мэдрээгүй. Эмч нар үзээд “Хүүхэд нь жин багатай юм чинь өөрөөр нь төрүүлч хэж болох юм байна” гээд намайг эсэн мэнд, ямар ч хүндрэлгүйгээр амаржуулсанд одоо хэр нь талархаад баршгүй. Тэд олуулаа баг бо лон ажиллаж, надад ээлтэй орчин бүрдүүлэн, ээж охин хоёрыг уулзуулсан даа.
Ингээд 2.6 кг төрсөн үрээ тэврээд хотын гэртээ ирмэгцээ өрх, дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орсон. Тэгэхэд эмч нар надад урьдын л хэлдэг зүйлсээ тоть шиг давтаж, “Дахиж хүүхэд төрүүлж болохгүй, үрийн сувгийг чинь бооно” гэж дарамтлан, нялх биетэй намайг сэтгэл зүйн хүнд цочрол, дарамтад оруулсан. Жамаараа, ямар ч хүндрэлгүй амаржаад ирсэн байхад “арай ч дээ” гэж бодон, бүр ч их гомддог юм билээ. Нөхөр үргэлж миний талд, “Эмч нар ингэж хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг зөрчиж болохгүй” гэж бухимддаг байсан ч бид дэмий л дороо хий эргэж, энэ талаараа нийгэмд дуу хоолойгоо ч хүргэх тэнхэлгүй дарамтлуулж явжээ. Хөгжлийн бэрхшээлээс болоод төрсний да раа хөл их өвдөж, эмнэлгийн хяналтад эмч лүүлсэн. Ингэх явцад миний үрийн сувгийг хү чээр боох гэж хэд хэд оролдсон.
ЖИРЭМСЭН БАЙХАД ЗОХИХ ЁСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭГҮЙГЭЭС ХҮҮХДЭЭ АЛДСАН
-Удаах хүүхдүүдээ дарамт шахалтгүй, хүчирхийлэлгүй орчинд төрүүлж чадсан уу?
-2008 онд хоёр дахь хүүхдээ тээж буйгаа мэдсэн. Дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орсноосоо хойш нөгөө л эмч нарын харилцаа хандлага, ялгаварлан гадуурхалттай нүүр тулсан хэвээрээ. Байнгын айдас, дарамт мэдэрч буй орчинд хүн удаан байхыг хүсэхгүй шүү дээ. Юм л болбол “Аборт хийнэ, хүүхдийг чинь төрүүлэхгүй” гэнэ. Энэ бүхнийг сүүлдээ тэсвэрлэхээ байгаад төрсөн ээж, төрөлх сум, орон нутгаа дахиад л бараадахад хүрсэн. Гэтэл намайг найман сар хянасан, дүүргийн эмнэлгийн эмч нар жирэмсний хугацаанд заавал уух ёстой аминдэмүүдийг ч бичиж өгөөгүй, үзлэгтээ маш хайнга хандсаныг, мөн хүүхэд минь буруу байрлалтай удсаныг би жишээ нь сумдаа очоод л мэдсэн. Жирэмсний хожуу үеийн хордлоготой, маш их хавагнасан, даралт ихэссэн, мөн хүүхэд буруу байрлалтай гэдэг шалтгаанаар намайг кесарево хагалгаанд оруулсан ч үр минь нэг хоноод эндчихсэнд би маш их харамсдаг. Тээлтийн хувьд ураг есөн сар гарантай, бүрэн байсан. Өөрийнхөө хэмжээнд хяналтын үзлэгүүддээ чадлаараа хамрагдсан боловч дүүргийн эмч нар жирэмсний явцад зохих ёсны үйлчилгээг надад үзүүлээгүй, уух ёстой эм, аминдэм ч зөвлөөгүй. Эх, ургийн биеийн байдал, бусад мэдээллээр хангаагүйд нь гомддог.
-Энэ талаараа хүний эрхийн болон холбогдох бусад байгууллагад хандаагүй юу?
-Энэ үйл явдлаас хойш дахин төрөхгүй гэж шийдээд жирэмснээс хамгаалах суулгац тавиулсан. Хэдэн жилийн дараа суулгац далийсан гэх шалтгаанаар авхуулаад удалгүй гурав дахь хүүхдээ тээх болсон нь 2014 он байлаа. Жирэмсний долоон сартайд мөн хордлого өгөөд цусны даралт ихсэн, хавагнаад байхаар нь өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлсэн юм. Гэтэл бас л эмч нар жирэмсний хожуу үеийн хордлогын аюултай шинж тэмдгүүдийг хэлээгүй, даралтын ч эм өгөөгүй. Мөн дахиад бие өвдвөл түргэн тусламж яаралтай дуудаарай ч гээгүй. Арайхийн алхаад гэртээ иртэл нөхөр “Ингэж явж болохгүй” гээд түргэн тусламж дуудсан. Ашгүй, түргэний эмч яаралтай арга хэмжээ аваад, биднийг I төрөх эмнэлэгт хүргэсэн. Маргааш өглөө нь үзлэг хийж, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай хэмээгээд, нэг бичигт гарын үсэг зуруулж ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Миний зовлон ямар ингээд дуусах биш, биднийг хүлээж авахгүй, буцаад I төрөх рүүгээ яв гэсэн ч машин тэрэг байхгүй гэж гүрийсний эцэст тэндээ хэвтэх болов. Таван хоног эмчлүүлсэн ч хаван, даралт буурахгүй, жирэмсний долоон сартайд кесарево хагалгаагаар төрүүлж билээ. Хүүхэд минь дутуу төрсөн учраас инкубаторт сар орчим бойжоод, би 15 хоног давхар эмчилгээ хийлгэн, бид хоёр эмнэлгээс эсэн мэнд гарав. Хаа очиж үр минь эрүүл саруул, ямар ч асуудалгүй бойжсон доо. Түүнд л их баярладаг.
Отгон хүүгээ 2017 онд нийслэлийн “Амгалан” амаржих газарт төрүүлсэн. Орон нутагт, мөн хотын хоёр өөр төрөх эмнэлэгт нярайлахдаа эмч нарын харилцаа хандлага, орчны саад тотгорыг яс махандаа тултал мэдэрсэн хүн чинь “Ер нь л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой нь болъё” гэж шийдээд 2019 онд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаа байгуулсан. Харин одоо би Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.
ЭМНЭЛГҮҮДИЙН ЖОРЛОН БАЙНГЫН ЦООЖТОЙ БАЙДАГ
-Төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөл одоо ч сайжраагүйг олон нийт шүүмжилсээр ирсэн. Танай төрийн бус байгууллагад яг энэ асуудлаар хандах тохиолдол хэр байдаг вэ?
-Эхчүүд байнга л ханддаг. Төрөх эмнэлэг бол дан ганц хөгжлийн бэрхшээлтэй бус, бүх хүнд хүртээмжтэй, ээлтэй байх ёстой. Гэтэл энгийн хүн хүртэл үйлчлүүлэхэд төвөгтэй хэвээр байгаа нь үнэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд өөр өөрсдийн онцлог хэрэгцээтэй. Тулгуур эрхтний бэрхшээлтэй эхчүүдэд налуу замгүй, цахилгаан шатгүй, төрөхийн ор зэрэг нь тусгай зориулалтынх бус бол амаржихад маш хүндрэлтэй. Үүнтэй адил сонсголын бэрхшээлтэйд дохионы хэлмэрч, харааны бэрхшээлтэйд хөтөч хавтан, брайл үсгийн тэмдэг тэмдэглэгээ, хаяг чухал байдаг. Гэтэл нийслэлийн төрөх эмнэлгүүдийн нэг нь ч хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдэд зориулсан хүртээмжтэй орчин бүрдүүлээгүй өдий хүрэв. Шат шатны эрүүл мэндийн байгууллагуудын ганц хийж чаддаг ажил нь тусгай хэрэгцээт эмэгтэйчүүдийг аль болох төрүүлэхгүй байхад л анхаардаг. Ингэхдээ үрийн сувгийг нь боох, улмаар жирэмсэлбэл үр хөндүүлэхийг шаарддаг зэрэг нь хүнлэг бус хийгээд хүний эрхийг дээд зэргээр зөрчиж буй үйлдэл гэдгээ тэд мэддэг ч харамсалтай нь эл муухай хандлага, хэвшмэл ойлголтоосоо салж чадахгүй л байгаа.
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд төрөх үеийн хүндрэл, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлүүдийн талаар тэр бүр яриад байдаггүй. Тэгэх арга замаа ч төдийлөн мэддэггүй байх.
-Тийм ээ, эмч нар одоо ч эхчүүдээс хууль бус төлбөр авч, амаржуулдаг явдал арилаагүй. Ээжүүдийг тэрний, энэний хүн гэхчлэн ил цагаан хуваарилаад авчихдаг. Гэтэл манайд хандсан хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд эмч нарт гар цайлгах мөнгө хэрхэн яаж өгөхөө ч мэдэхгүй, ойлголцож чадахгүй байсаар төрсөн нь олонтоо. Мөнгө өгөх боломжгүй нь гэхдээ нийтлэг л дээ. Үүнээсээ болоод тусламж, үйлчилгээ оройтож авах, хагалгаагаа олон хоногоор хүлээх, ялгаварлан гадуурхагдах нь бүр их. Намайг төрөх үед ч хүмүүс эмч нарт дугтуйтай мөнгө өгч байхыг бишгүй харсан ч өөрөө яах учраа ер олоогүй. Даралт буураагүй, биеийн байдал тогтворжоогүй байхад хүртэл намайг хагалгаанд оруулж л байсан. Би тэр бүрд хэл ам хийж яваагүй ээ. Эргээд бодоход энэ бүхэн үнэхээр шударга бус санагддаг.
-Амаржих газрууд орчны хүртээмжээ хаанаас, юунаас эхэлж сайжруулах ёстой юм бол?
-Нэг үеэ бодвол нийгэм өөрчлөгдсөн ч нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой төрөх эмнэлгийнхэн нь эмэгтэйчүүдийг хөгжлийн бэрхшээлтэй, мөнгөтэй, үгүйгээр нь ялгаварлан гадуурхсаар байгаа цагт өөрчлөлт тийм амар ирэхгүй гэдгийг л мэдэж байна. Төрөх эмнэлгүүд адаглаад ариун цэврийн өрөөний хаалгаа гүйдэг, суултуураа стандартын, угаалтуураа зориулалтын, төрөхийн ороо дээш, доош сунадаг болгохоос л өөрчлөлт эхэлнэ шүү дээ. Хөгжлийн бэрхшээлээс нь хамаараад зарим нь хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Бие, эрхтний бэрхшээлтэй нь 1-2 гэхчлэн хэцүү шүү дээ. Хүн болж төрсний, ээж болохын тэр сайхан, нандин мэдрэмжийг хүн бүр хүртэх эрхтэй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж хүсдэг.
Миний анзаарснаар, ээжүүдийн хэлж буйчлан төрөх үеийн тусламжаас гадна жирэмсний хяналтын үзлэг, оношилгооны явцад хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд хамгийн их айдас, дарамтад ордог, “хүнд цохилт”-уудаа эндээс эхлэн авдаг гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйчүүдийн тасгийг тэр чигт нь биш юм гэхэд ядаж жирэмсний хяналтын болон урьдчилан сэргийлэх үзлэгүүдээ I давхарт төвлөрүүлэх хэрэгтэй юм билээ. Энгийн ээжүүд хүртэл тогоо шиг том гэдэстэй шатаар дээш, доош өгсөх хэцүү. Манай төрийн бус байгууллагаас 2026 онд дүүргийн хэмжээний төрийн 15 байгууллагад хүртээмжийн мониторинг хийсэн. Үүнд эмнэлгүүдийг ч багтаасан. Шаардлага хангасан нь одоогоор алга даа. Жишээ нь, I давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө байдаг ч тэр нь байнгын цоожтой, цэвэрлэгээний бодис, шалны мод, алчуураа хураачихдаг юм билээ. Бараг агуулах байдлаар ашигладаг. Гадаах авто зогсоолын тусгай тэмдэг нь босоо байх ёстой ч газарт зурчихсан, зориулалтын үзлэгийн ор, брайл үсгийн хаягжилт байхгүй, налуу зам, хөтөч хавтан нь бэлгэ тэмдэг төдий байх нь бишгүй.
Ер нь хүн сэтгэлийн амар амгалан, тайван, итгэлтэй, ямар нэгэн айдас, дарамтгүй орчинд хөгжлийн бэрхшээлтэй байсан ч жам ёсоороо амаржих боломжтой гэдгийг би өөрийнхөө жишээн дээр харсан. Хүн бүрд ийм аюулгүй, ээлтэй орчин л хэрэгтэй байгаа юм.
Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөв. Тэргэнцэртэй эх төрөхийн орон дээр гарах хэрэгсэлгүй, амаржсаныхаа дараа ариун цэврийн өрөөг бие даан ашиглах боломжгүй, сонсголгүй ээж адаглаад хүүхдийнхээ уйлахыг хэрхэн мэдэх, харааны бэрхшээлтэй нь ч нярайгаа яаж аюулгүй асрах тухай ойлголтгүй, энэ талаарх дадлага, зааварчилгаа, орчин нөхцөл манайд ийн бүрдээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд төр засгаас нэмэлт тав тух огтхон ч нэхэж шаардаагүй. Тэд бусдын л адил ялгаварлан гадуурхагдахгүйгээр, элдэв дарамт, айдас дунд бус, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхээ хүндрэл бэрхшээлгүй эдлэхийг л хүсэж буй.
Гэтэл манай амаржих газрууд тэдний энэ мэт наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. ДЭМБ, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудаас өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр манай улсад өгсөн санал, зөвлөмжүүдийн хэрэгжилт ч төдийлөн хангагдаагүйг өнөөгийн нөхцөл байдал нь бэлхнээ гэрчилж байна. Иймд эл асуудлыг эрх баригчид, салбарын яам нь яаралтай анхааралдаа авч, төрөх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг эх, нярайд хүндрэл чирэгдэлгүй үзүүлэхийг иргэд хүсэж буйг энэхүү нийтлэлээрээ уламжиллаа.