Олон улсын зах зээлд алтны ханш тасралтгүй буурсаар сүүлийн нэг жилийн хугацаанд түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Өдгөө олон улсад унц алтны ханш 3875-4010 ам.доллар байгаа нь сүүлийн нэг сард 7.23, энэ оны эхэн үеийнхээс даруй 26.9 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Шар металлын ханш 2026 оны нэгдүгээр сард 5589-5626 ам.долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үнэ болсон юм. Тэгвэл өнгөрсөн хавраас алтны ханшийн өсөлт удааширч, аравдугаар сарын сүүлчээр 4000 ам.доллароос доош буужээ. Үнэт металлын ханш ийнхүү огцом буурахад олон улсын хурцадмал нөхцөл буюу геополитикийн тодорхойгүй байдал, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлого голлон нөлөөлж буйг шинжээч, мэргэжилтнүүд хэлж байна.
“Goldman Sachs” болон “J.P.Morgan” зэрэг томоохон банкуудын шинжээчид алтны ханш урт хугацаандаа өсөлтөө хадгалж, 2026 оны эцэс гэхэд унцынх нь үнэ 4650-5200 ам.долларт хүрнэ гэж таамаглаж буй.
Монголбанкнаас зарласан албан ханшаар алт худалдан авах дундаж үнэ өчигдөр манай улсад 452 мянган төгрөг байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхнээс 58.7 хувиар өссөн дүн аж.
Н.Мишээл