Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй барааны үнэ ханш, нийлүүлэлтийг зохицуулж хүч хүрдэггүй нь үнэн. Тиймээс ч бензин түлшний үнэ тасралтгүй өсөж, өдгөө нийлүүлэлт ч хомсдон, дараалал үүссээр даруй 2-3 сар болов. Түүнчлэн уржигдраас шатахуун түгээх зарим станц Евро-92-ыг литрийг нь 5600 төгрөгөөр борлуулж, энгийн нь дууссан гэх болжээ. Дараалал ихтэй ч олгосоор байсан хамгийн хямд бензин АИ-92 дуусаж, тэрнээс 1500 гаруй төгрөгөөр ахиу үнэтэйг нь санал болгож буй хэрэг. Мөн АИ-95-ыг 5330, энгийн 92-ыг 3590, дизелийн түлшийг 5540 төгрөгөөр үнэлсэн нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 70-80 хувиар өссөн үзүүлэлт. Бид өмнө нь бензиний үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр өсөхөд л “шоконд” ордог байв. Гэтэл өдгөө жилд 70-80 хувиар нэмэгдэн, ганц хоёрхон хоногт л литр нь 500-800 чангарч байгаад дөжирчээ. Шатахууны ханш өсөж, нийлүүлэлт багассанаас үүдэн “шаг”-ийн үнэ ч гаарсан. Зарим компанийн түгээгч, борлуулагчид жижиг оврын цистернд бензин хийгээд, АИ-92-ыг литрийг нь 5000, дизелийн түлшийг 7000-8000 төгрөгөөр дуудлагаар зарж байна. Зарим шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн дууссан гэчихээд заримынх нь автомашины бакыг дүүртэл олгоод, иргэдэд тэгш бус үйлчилдэг болсон. Ерөөсөө улс даяараа шатахууны хомсдолоос үүдсэн шаналан, зовлонтой боллоо.
Уг нь манай улс хойд хөрштэй шатахууны нийлүүлэлтийн тогтвортой гэрээтэй буюу импортын давуу эрхтэй гэдэг. Гэтэл хойд хөрш дэх шатахууны агуулах, боловсруулах үйлдвэрүүдэд сөргөлдөгч тал нь цохилт өгч, бөмбөгдөн сүйтгэснээс манайд ийм нөхцөл үүслээ хэмээн АҮЭБЯ-наас удаа дараа мэдээлсэн. Хэрэв ОХУ-д нөхцөл байдал бүр хүндэрч, шатахууны экспортоо бүрэн зогсоовол яах вэ. Манай оруулж ирж буй дэд бүтэц мөн сүйдвэл яах вэ. Литр бензинийг 10 000 төгрөгт хүргэж, олгохоо болих хэрэг үү. Улс оронд, бодлогын түвшинд болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга, нөөц төлөвлөгөө байхгүй юу. Яагаад өдий болтод шатахууны нөөцийн савны хэмжээг өсгөөгүй, импортын сувгийг олшруулсангүй вэ. Яагаад 2018 онд шавыг нь тавьсан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт сураггүй шахам байна вэ. Өвөлтэй золгосон нийслэлд нийтийн тээвэр хүртээмжгүй байхад иргэдэд ядаж машиндаа суугаад, дулаахан түгжрэх нөхцөл бүрдүүлж өгөөсэй. Эл асуудлыг хэрхэн, хэдий хугацаанд яаж шийдвэрлэх вэ. Зөв шийдвэр гаргаж, иргэдийг аль болох төвөг чирэгдэлгүй, чанартай амьдруулах нь төр засгийн үүрэг биш үү. Эрсдэлийг тооцоолж, түүнээс зайлсхийж, илүү хүндрэл учрахаас сэргийлэх гэж төрийн албаныхан ажилладаггүй гэж үү, төсвийн хөрөнгөөр цалинждаггүй бил үү.