Япончууд автомат кроптой шинэ автомашинуудад санамсаргүйгээр хурдлахаас сэргийлэх төхөөрөмжийг байршуулахаар төлөвлөж буйг “Kyodo news”-ээс мэдээллээ. Санамсаргүйгээр хурдлахаас сэргийлэх төхөөрөмжийг тоормосны оронд байрлуулахаар зэхэж буй гэнэ. Автомашин том хэмжээтэй ямар нэгэн биетийг мөргөх эрсдэлтэй бөгөөд түүнээс 1-1.5 метрийн зайтай байгаа үед эл төхөөрөмж нь автомашины хүчийг найман км цаг хүртэл бууруулах чадалтай гэнэ. Технологийн үйл ажиллагаа нь идэвхжсэн үед автомашины дэлгэц дээр “Хурдасгагчнаас хөлөө буулга” гэх мэт анхааруулга харагдах юм байна. Мөн хэт хурдлахаас сэргийлэх төхөөрөмжийг автомат кроптой бүхий л тээврийн хэрэгсэлд ашиглахыг шаардана гэж Японы Зам, тээврийн яамнаас мэдээлжээ. Ингэснээр жолоочийг тоормос болон хурдасгуурыг андуурч гишгэн эрсдэлд өртөхөөс хамгаална гэж үзжээ.
Тус улсын зам, тээврийн ослын судалгаагаар өнгөрсөн онд жолооч нар хурдасгуурыг тоормостой андуурсны улмаас 3110 осол гарсан байна. Үүнээс болж 38 хүн нас барж, 4343 иргэн гэмтэж, бэртжээ.
Бэлтгэсэн: А.Дөлгөөн