Непалын (Балба) хаан байсан Гьянендра Шах нийслэл хотдоо 2025 оны гуравдугаар сарын 9-нд эргэж ирэхэд дэмжигчид нь олон улсын нисэх онгоцны буудлын өмнөх талбайг дүүргэж, “Хаан минь эргэж ирж эх орноо авар” хэмээн хашгирч байлаа. Нэг хү¬ ний дэглэмийг ард түмэн нь эсэргүүцсэний улмаас тус улс хаант засаглалаа 2008 онд халсан юм. Гэтэл тэр үед хааны эсрэг тэмцэж байсан хүмүүс одоо түүнийг буцаж ирэхийг шаардах бо¬лов. Тэд Бүгд найрамдах засаглалд урам хугарсан нь үүний гол шалтгаан. 17 жилийн ху¬гацаанд 13 Засгийн газар солигдож, эдийн засаг нь сулран, авлига дээд түвшинд хүрчээ. Бүгд найрамдах тогтолцоо тогт¬вортой байдлын оронд эмх замбараагүй явдал бий болголоо хэмээн жирийн иргэд нь халаглаж байна. Гьянендра Шахын нэр хүнд өсөж байгаа ч түүнийг ширээндээ дахин заларна гэдэгт шинжээчид эргэлзэж буй юм. Парламентад Бүгд найрамдах намууд илүүрхэж буй тул Непал дахиад хаант засаглалтай болно гэдэг нь магадлал багатай аж. Хаан асан ч одоогоор албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Тэрбээр Катмандуд ирээд ямар нэг тайлбар хийхээс татгалзлаа. Хаант засаглалыг дэмжих үзэл бодол байсаар буйг олон түмний цуглаан харуулжээ. ...Байдал харьцангуй тогтвортой байснаа Энэтхэгтэй харилцаа нь хурцадсанаас 1980аад оны эцсээр Непалын хүн амын нийгэм, эдийн засгийн байдал муудах болсон юм. Цуст мөргөлдөөн олон сар үргэлжилж, 500 орчим хүн амиа алдан, олон мянган хүнийг баривчилсны эцэст шинэ Засгийн газар байгуулахыг хаан Бирендра зөвшөөрлөө. Долоо хоногийн дараа 1990 оны дөрөвдүгээр сарын 6-нд хааны ордны өмнө дээрхээс илүү айхавтар мөргөлдөөн болж улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглосон шийдвэрээ цуцалж буйгаа хаан маргааш нь зарлав. Сөрөг хүчний намуудын шахалт, сулрахгүй байгаа олон түмний эсэргүүцлийн улмаас хаан Үндэсний их хурлаа тарааж, хязгааргүй эрх мэдлээсээ татгалзлаа.
Түр Засгийн газар байгуулав. Энэтхэг улс 15 сарын турш Непалтай зөрчил тэмцэлтэй байснаа 1990 оны зургаадугаар сард зогсоов. Арваннэгдүгээр сард Непал хаант засаглалын эрхийг хязгаарлан, парламентын ардчилал тогтоож, парламентад ажлаа тайлагнадаг Засгийн газартай, хүний эрхийг хамгаалах агуулгыг тусгасан шинэ Үндсэн хуулиа батлав. 1991 оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд зүүн төвийн Непалын конгресс нам 205 суудлын 110-ыг авч ялалт байгуулжээ. Эх орондоо улс төрийн хоёрдахь хүч болсон коммунистуудын нөлөө үлэмж өсжээ. Сайд нарын танхим нь Непалын Конгресс намын гишүүдээс бүрдэв. Гэвч Ерөнхий сайд, Конгресс намын тэргүүн хоё¬ рын санал нийлэхээ больж 1994 онд эрх баригч намд хагарал гарч Засгийн газрын ажил явахаа байлаа. 1994 оны арваннэгдүгээр сард бүх нийтийн сонгууль явуултал нэг ч нам Засгийн газраа байгуулах хэмжээний санал авсангүй. Эцэст нь, Коммунист намын даргын тэргүүлсэн цөөнхийн Засгийн газар төвхнөв. Үүнээс хойш хоёр ч Засгийн газар солигдоод байтал 1995 оны өвөл маоистууд зэвсэгт тэмцлээ эхлүүлжээ. Улмаар тэд хэд хэдэн хотын цагдаагийн хэсэг рүү дайрч, “ардын дайн” эхэлснийг зарлалаа. Эхний үед маоистууд цагдаа нартай жижиг мөргөлдөөн хийж, банк, газрын эзэд, улс төрийн зүтгэлтнүүд рүү дайран, довтолж байлаа. 1998 оны тавдугаар сард Засгийн газар нэлээд өргөн хүрээтэй дайчилгаа явуулсны дараа хүний эрхийн зөрчил эрс нэмэгджээ. Босогчдыг дэмжсэнд сэжиглэгдэн баривчлагдсан хүний тоо 1998 онд зургаан сар хүрэхгүй хугацаанд 1660 болсон байна. Тэдний дотор парламентад суудалтай намын гишүүд ч хоморгонд өртсөн юм. 1999 оны дунд үе болоход “ардын дайн”-д золиос бологчид 900 хүрсэн байлаа. 1990-ээд оны сүүлийн хагаст эвслийн Засгийн газрууд тун ойр ойрхон солигдож байв. Зарим бүр хэдхэн сарын настай ч байжээ. 1999 оны хавар болсон парламентын сонгуулийн дараа олонх болсон Непалын конгресс нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар томилогдсон хуучин удирдагч Бхаттарай Хятад, Энэтхэгтэй харилцаагаа хэвийн болгож, улсынхаа дотоодод ядуурал, бичиг үсэг үл мэдэх байдал, ажилгүйдэлтэй тэмцэхээ амлав. Гэвч уг Засгийн газар амлалтаа биелүүлэх чадваргүй байлаа. Бхаттарайд парламентын гишүүдийн олонх итгэл үзүүлсэнгүй. Непалын Конгресс намын Г.К.Коирала Ерөнхий сайдын суудалд дөрөв дэх удаагаа суув. 2001 оны дөрөвдүгээр сард маоистуудын дэгдээсэн ажил хаялт Непалын аж амьдралыг бараг бүхэлд нь зогсоож, Катманду хотод цагдаа нар Засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдоос нэлээдийг баривчилсны дотор сөрөг хүчний удирдагчдаас ч орсон байлаа. Улс төрийн нөхцөл байдал ийн хурцдаад байтал 2001 оны зургаадугаар сарын 1-нд үе залгамжлах хунтайж Дипендра эцэг, эх болон тэр айлын найман гишүүнийг оролцуулан буудан хороож хааны гэр бүлийг хүйс тэмтэрчихэв. Тэрбээр дараа нь өөрийгөө буудаж, ухаангүй байсаар хоёр хоноод амьсгал хураажээ. Энэ явдал ханхүүгийн гэргий болох хүнийг сонгохоос шалтгаалж хааны гэр бүлийнхэн санал зөрөлдсөнөөс үүдсэн байв. Хаан ширээг талийгаач Дипендрагийн дүү Гьянендра залгаж авав. 2001 оын зун авлигын хэрэгт орооцолдож Коирала огцорлоо. Түүний оронд болсон Ерөнхий сайдын Засгийн газартай энх амгалан байхаар маоистууд тохиролцов. Хүнд хямралын улбаагаар Засгийн газрын санал болгосноор хаан Гьянендра 2001 оны арваннэгдүгээр сард орон даяар онцгой байдал зарлажээ. Маоистуудыг алан хядагчид гэж нэрлэв. Тэгээд тэдний эсрэг тэмцэлд армидаа туслахыг Батлан хамгаалах яам нь иргэддээ уриалжээ. Хаан Гьянендра 2002 онд парламентын доод танхимаа тарааж ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргалаа. Парламентыг тараасны хариуд Непалын Конгресс нам Ерөнхий сайд Ш.Б.Деубаг эгнээнээсээ хөөж, Сайд нарын танхимыг огцрохыг шаардав. Энэ завсар маоист бослого хүчээ авч, Непалын үлэмж хэсэгт хяналтаа тогтоожээ.
Тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулахтай холбогдуулж сонгуулийг нэг жил хойшлуулахыг хаанд санал болгосны дараа “товлосон хугацаандаа сонгууль зохион байгуулах чадваргүй” гэх үндэслэлээр Засгийн газрыг хаан огцруул¬ чихав. Засгийн газрыг шинээр бүрдүүлэхийн өмнөх сиймхийг ашиглан Гьянендра хаан гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлж, сонгуулийг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ. Түүний энэ алхмыг Үндсэн хуулийн эргэлт гэж үзэж бүх нам дургүйцлээ илэрхийлжээ. Ингэж бужигнаж байсан ч шинэ Ерөнхий сайдын танхим маоистуудтай хэлэлцээр хийж, тодорхой дэвшилд хүрсэн байна. Гэлээ ч Ардчилсан намын нэг удирдагч Л.Б.Чандагийн тэргүүлсэн Засгийн газар 2003 оны эхээр огцорлоо. 2003 оны эцэс, 2004 оны эхээр хүчирхийллийн шинэ давлагаа эхэлж, оюутан, цагдаа нар “гар зөрүүлэв”. 2004 оны дөрөвдүгээр сард Катмандуд Непалын Конгресс намын зохион байгуулснаар олон мянган хүн жагсаж, ойрын хугацаанд парламентын сонгууль хийж, засгийн эрхийг эвслийн Засгийн газарт шилжүүлэхийг шаардлаа. Сонгуулийг 2005 онд хийхээ хаан амлав. Саяхан болтол босогчид гэж нэрлүүлж, 10 гаруй жил иргэний дайн хийгээд улс төрийн нөлөө бүхий хүчин болоод байсан маоистуудын хэт зүүний намтай Засгийн газар хэлэлцээр байгуулсны эцэст тус газар нутагт 250 шахам жил оршин тогтносон хаант засаглалыг халж Бүгд найрамдах засаглал тогтоохоор шийдлээ. Гэхдээ энэ шийдвэр дараа оны нь дөрөвдүгээр сард болох парламентаар бүрэлдэж бий болох хууль тогтоох байгууллагын анхны хуралдааны дараа хүчин төгөлдөр болох байв. Непалын хаант засгийг халуулж чадсан маоистууд 2007 оны есдүгээр сард Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарснаа удалгүй буцаад орж иржээ.
Түүгээр зогсохгүй өөрийн дайчдыг цэргийн албанд ажиллуулахаар болов. Маоистууд бүр цаашилж 2008 оны хавар хийхээр хойшлуулсан парламентын сонгууль хүртэл засаглалыг Бүгд найрамдах хэлбэрийнх байлгахаар зарлахыг шаардах болсон аж. ...2001 онд тохиосон эмгэнэлт үйл явдлын дараагаас Непалын хаант засаглалын хямрал эхэлсэн байдаг. Энэ нь үе залгамжлах ханхүү Дипендра цайллагын үеэр гэр бүлийнхнээ хөнөөсөн золгүй үйл явдлыг хэлж буй юм. Хааны суудалд суусан Гьянендрагийн үед Непалд хүний эрхийн байдал шал дордов. Хаан ч өөрийгөө ганцаар захирагч болгож харагдуулжээ. Тэрбээр парламентын хийгээд Засгийн газраа хэд хэдэн удаа огцруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарлан, улс төрийн намуудыг хориглож, энэ бүхний эцэст хаант засгийн нэр хүнд навс унасан аж. 2006 оны хавар нийслэл Катмандуд эсэргүүцлийн жагсаал болж, маоистууд болон улс төрийн намуудын дэмжлэг хүлээлээ. Тэдний тавьсан шаардлагыг хаан зөвшөөрөв. Эвслийн Засгийн газар байгуулагдаж, хааны эрхийг яваандаа хумисаар байх болов. Зун нь Гьянендра ширээнээсээ бүрмөсөн бууж, нэг жилийн дараа түүний олон сая мөнгөн хөрөнгийг Засгийн газар хурааж авлаа. Ийнхүү Непалд хаант засаг 19 жилийн өмнө унасан юм.
Р.Жаргалант