Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн “Гэр” төсөл нь цахилгаан халаагуурын эрчим хүчийг бага оврын нарны үүсгүүрээр хангаж, монгол гэрийг түлээ, нүүрс хэрэглэхгүй халаах шийдэл, боломжийн талаар иргэд болон төрийн байгууллагад мэдлэг, ойлголт түгээж байна.
Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн С.Насантогтох, Д.Долгор, Д.Эрдэнэцэцэг, Ч.Одгэрэл нар “Эмэгтэйчүүдийн манлайлал-2025” хөтөлбөрийн хүрээнд Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн “Гэр” төслөөр 82 өрх нарны эрчим хүчээр халаалтаа шийдэж, яндангаас салжээ. Тэднээс долоон айлыг эхний ээлжинд түгээх сүлжээнд холбох техникийн нөхцөлийг гаргуулах, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нь өөрчлөлт оруулахаар ажиллаж буй гэнэ. Ингэснээр бага оврын нарны үүсгүүрээр эрчим хүчээ хангадаг айлууд зундаа хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаанаа түгээх сүлжээнд нийлүүлэх, тэр хэрээр төлбөрөө бууруулах боломж бүрдэх аж.
Л.Ням