Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэж монголчууд эртнээс хэлэлцэж, үр хүүхдэдээ захиж ирсэн билээ. Бидний үед тарган хүн байгаагүй гэж ахмадууд ярихыг нэг биш удаа сонссон биз ээ. Одоогийнх шиг хоол хүнс элбэг дэлбэг байгаагүй, хүссэнээ идэх боломжгүй цаг үе таргалалт хэмээх тахлаас ангид байхад хамгийн их нөлөө үзүүлжээ. Гэвч нөгөө талдаа монголчууд шим тэжээлийн дуталд өртсөн хэвээрээ байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн “зураглал”-аар хооллолтын чанар тааруу, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний буюу ногоо, жимс, жимсгэнийн хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа юм. Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023 онд хийж, өнгөрсөн жил танилцуулсан билээ. Эл судалгааг таван жилд нэг удаа хийдэг бөгөөд өмнөх буюу 2017 оныход монголчууд шим тэжээлийн өлсгөлөнд өртсөн гэсэн дүгнэлт гаргаж байв. Өдгөө ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд бичил тэжээлийн дуталд өртсөн хэвээр, хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт иддэггүй хэрнээ 42.2 хувь нь шарж хуурсан буюу эрүүл бус хүнс хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Энэ нь юунд хүргэх вэ. Илүүдэл жинтэй, тарган “арми”-ийг ирээдүйд бэлдэж байна гэсэн үг.
ӨӨХНИЙ ӨЧИЛ
Хүний биеийн 60 хувь нь шингэн, 22 хувь нь эрхтнүүд, булчин яс, харин үлдсэн 18 хувь нь өөх юм. Өөх нь шим тэжээлийг нөөх, биеийн дулааныг хадгалах, доргилтоос хамгаалах зэрэг чухал үүрэгтэй. Гэхдээ өөхийг “тэжээсээр” байвал нэг л өдөр өвчний үүр болох нь байна. Хүн таргалснаар даралт ихсэх, хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин, судасны бөглөрөл, альцгеймер, цус харвах, үргүйдэл, хорт хавдарт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Таргалах тусам хорт хавдар тусах магадлал ихэсдэгийг ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Илүүдэл жин нь эрүүл мэндэд хортойгоос гадна сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл хүмүүс яагаад таргалдаг вэ. Нүүрс ус (гурил, будаа, төмс зэрэг), өөх тос хэтрүүлж идсэнээс илүүдэл жин үүсдэг. Дасгал хөдөлгөөн хийхээс илүү зөв зохистой хооллох нь хэвийн жингээ барихад хамгийн ихээр нөлөөлдгийг хоол зүйчид хэлсэн. Өөрөөр хэлбэл, идэхээ хазаарлахгүй бол илүүдэл жинд хязгаар үгүй.
Хүн нас нэмэхийн хэрээр таргалах магадлал ихэсдэг. Хүүхэд болон эрэгтэйчүүд голдуу хоол хүнсний зохисгүй хэрэглээний умаас жин нэмдэг бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, цэвэрших зэрэг дааврын өөрчлөлттэй холбоотойгоор “өөхлөх” нь түгээмэл болохыг эрүүл мэндийн салбарынхан сануулж байна. Тухайлбал, “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаанд эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгааг дурджээ. Үүнээс 17 хувь нь тарган гэнэ. Илүүдэл жин ба таргалалт 30-39 насны эрчүүдийн 62.2, 40-49 насанд 64.5 болж нэмэгдсэн нь бусад насныхантай нь харьцуулахад өндөр байгааг онцлов. Бас өөр нэг сонирхолтой “тоо” нь гэр бүлтэй эрчүүдийн 62, дээд боловсролтой эрэгтэйчүүдийн 64.1 хувь нь жингийн илүүдэлтэйг дээрх судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин дунджаас дээгүүр бүлгийн эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалт харьцангуй түгээмэл аж.
ЧИХЭРЛЭГ УНДАА ТАРГАЛАХ ЭРСДЭЛИЙГ 2.8 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ
Дэлхий даяар 2.5 тэрбум хүн илүүдэл жинтэй бол нэг тэрбум орчим нь тарган байна. Үүн дотроо хүүхэд, өсвөр үеийнхний дунд илүүдэл жин асуудал дагуулах болсныг олон улсын судалгаа, мэдээллээс харж болно. Тодруулбал, дэлхий дахинд 1990 онд 5-19 насны хүүхдүүдийн ердөө дөрвөн хувь нь тарган байсан бол 2020 онд 18 хувьд хүрсэн нь аюулын харанга дэлдээд буй. Өнгөрсөн оны байдлаар дэлхий даяар 390 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай байжээ. Мөн Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийнхний Илүүдэл жинтэй “арми” айсуй таргалалт анхаарал татахуйц хэмжээнд хүрснийг ЭМЯ, НЭМҮТ-ийнхөн сануулах болсон. Хэдийн “Улаан гэрэл” ассаныг олон судалгаа баталж байна. Тухайлбал, хоол тэжээлийн талаарх хамгийн сүүлд буюу 2024 онд гаргасан судалгаанаас харахад манай улсад тав хүртэлх насны хүүхдийн дунд илүүдэл жингийн тархалт 11.7 хувьд хүрч, энэ нь цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа юм. Үүнд нөлөөлж буй гол зүйлийн нэг нь чихэрлэг ундааны хэрэглээ. Чихэрлэг ундаа нь таргалах эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг. Гэтэл хүүхдүүдийн дунд чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр. Сургуулийн орчинд нь чихэр агуулсан ундаа, шарсан төмс зэрэг эрүүл мэндэд тусгүй, хямд төсөр үнэтэй, хоол биш, хор болох зүйлс ихээр худалдаж байгаа нь нөлөөлдөг. Хүүхдүүд ийнхүү гэдэс дүүргэх төдий зүйлсээр өл залгуулсаар гэрийн хоолоо голж шилсэн, пицца, бургер, бэлэн гоймон, шарсан тахиа, төмс, хиам, зайдсанд “нугасгүй” эрин үе өсөж өндийж байна. Томчууд бид өөрсдөө илүүдэл жинтэй ирээдүйг бүтээхэд хамгийн ихээр оролцож буй нь харамсалтай.
ДӨРВӨН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
Хоол хүнсний замбараагүй хэрэглээ таргалалтад хэрхэн нөлөөлж буй талаар НЭМҮТийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Э.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Манай улсын хүн амын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж байгаа нь нийтийн эрүүл мэндийн анхаарах асуудлын нэг боллоо. Тухайлбал, Хоол тэжээлийн үндэсний VI судалгааны үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны сурагчдын дунд илүүдэл жин 19.6, таргалалт 6.2 хувьтай байна. Энэ нь нийт хүүхдийн ойролцоогоор 26 хувь нь илүүдэл жинтэй, эсвэл тарган гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Харин төрөх насны эмэгтэйчүүдийн 53 хувь илүүдэл жин, таргалалттай бол 15-49 насны эрэгтэйчүүдийн 57 хувь нь ийм асуудалтай нүүр тулж байна. Дээрх насны хоёр эрэгтэй тутмын нэг нь илүүдэл жинтэй буюу тарган. Үүнд хооллолтын дадал, шим тэжээлийн зохисгүй хэрэглээ нөлөөлж байна. Хүн өдөрт шаардагдах илчлэгээсээ давсан хоол хүнс, эрүүл бус, шим тэжээл багатай, хэт боловсруулсан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, өглөөний цай уухгүй, хүнсний сонголт, хүртээмж хязгаарлагдмал байх зэрэг нь илүүдэл жинд хүргэдэг” гэв.
Тэгвэл үүнийг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар лавласан юм. Тэрбээр “Салбар хоорондоо уялдаатай, хамтарч цогц, олон талт арга хэмжээ авах хэрэгтэй байна. Жишээ нь, хүн амд нас, насны онцлогт тохируулсан эрүүл хооллолт, шим тэжээлийн мэдлэг, мэдээллийг түгээх хэрэгтэй. Үүнд мэргэжлийнхнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо чухал юм. Мөн боловсролын байгууллагууд шим тэжээл, эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадал олгох сургалтыг бага ангиас нь хүүхдүүдэд зааж, ойлгуулах, сургуулийн эмч, хоол зүйчийг орон тоогоор ажиллуулах, эрүүл мэндийн хичээлийн агуулгыг сайжруулах зэрэг олон ажил хийх шаардлагатай. Түүнчлэн 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын журмыг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Мөн нийтийн хоолны газрынхан стандартаа хэрэгжүүлэх, илчлэг, шим тэжээлийн зохистой цэс гаргах, транс тос, чихрийн хэрэглээг хязгаарлах, иоджуулсан давс хэрэглэхэд нь хяналт тавих нь зүйтэй. Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амд эрүүл хүнсээр үйлчлэх, ийм булан тусгайлан гаргамаар байна. Цаашлаад зар сурталчилгааны зохицуулалт болон татварын бодлоготой уялдуулж, хаяг шошгоны стандартыг сайжруулах зэрэг бодлогоор хэрэгжүүлэх ажил цөөнгүй бий” гэв.
Хийжүүлсэн, энергийн болон спортын ундаа, амт, үнэр оруулсан хуурай сироп, эклер, контик зэрэг крем бүхий бүх төрлийн хавчуургатай боов, бялуу, чипс, эрдэнэ шишийн хөөс, бэлэн гоймон, ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан мөхөөлдөс зэргийг сургуулийн орчинд зарж борлуулахыг хориглосон журам бий. Харамсалтай нь, үүнийг хэн ч хянаж, арга хэмжээ авдаггүй тул эдгээр бүтээгдэхүүн нь сургуулийн ойр орчмын дэлгүүрүүдийн лангуу дүүргэж байдаг. Тухайлбал, ерөнхий боловсролын 15 сургуулийн 1408 сурагчийн 66 хувь нь чихэрлэг ундаа, 39.1 хувь нь хямд үнэтэй чихрийг сургуулийн орчмоос өдөр бүр худалдан авч хэрэглэдэг гэж Хоол тэжээлийн VI судалгаанд хариулсан байна. Мөн 12-18 насны сурагчдын 42.4 хувь нь долоо хоногт гурваас дээш удаа чихэрлэг ундаа уудаг, охидын чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ хөвгүүдээс илүү өндөр гарчээ.
Хөдөө, хот ялгаагүй тарган хүний тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй хамгийн том асуудал хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар. Тэр дундаа хүүхдүүд илүүдэл жингээс таргалалт руу шилжих явдал түгээмэл ажиглагдах болсныг НЭМҮТийнхөн сануулсан. Иймд хоол хүнснийхээ нэр, төрөл, хэрэглээг өөрчлөх, хэмжээнд бус, шим тэжээлд нь анхаарах, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх шаардлага зайлшгүй тулгарчээ. Илүүдэл жинтэй багачууд хожим “тарган”-аас үүдэлтэй архаг өвчлөлд өртөх эрсдэл өндөр тул “бордох” биш, зохистой хооллоход нь санаа тавих цаг ирсэн байна. Хүүхдийг хэт их хооллох нь өлсгөлөн байлгасантай ижил аюултай. Урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчний эх үндсийг таргалалт хэмээх тахал дэгдээдэг. Буруу дадал, хандлагыг өөрчлөөгүйгээс илүүдэл жинтэй, тарган хүмүүс нэмэгдсээр байвал цаашид ажлын бүтээмж буурч, эрүүл мэндийн салбар төдийгүй эдийн засагт ч ихээхэн хохирол учруулж болзошгүйг ДЭМБ-аас анхааруулж буй билээ.