Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийнхэн хамтран нийслэлийн харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагчийг шалгаруулжээ. Шилдгийг шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд өрхийн эрүүл мэндийн 154 байгууллагын 726 сувилагч оролцсон байна. Нэг, хоёрдугаар шатанд сувилагчид цахимаар мэдлэгээ шалгуулснаас 53 нь тунаж үлджээ. Харин гуравдугаар шат буюу тусламж, үйлчилгээг гардан үзүүлэх шалгаруулалтад 15 сувилагч өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн X хорооны “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Ганчимэг тэргүүн байр эзэлсэн байна. Мөн тус дүүргийн XX хорооны “Нинж Ундарга Эх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ж.Мөнхөө дэд байрт, Баянзүрх дүүргийн XIII хорооны “Эрүүл Өсөх” эмнэлгийн сувилагч Б.Даваадулам удаалж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Ташрамд дуулгахад, өрхийн эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөх эмчилгээний сувилагчид өвдөлт намдаах эмийн жор бичихээс эхлээд гэрийн эргэлт, сувилгаа хийх зэргээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.
Ч.Болор