Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг тохиолдуулан “Монголын говийн олон янз байдал” форумыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Манай улс байгалийн унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг. Гэвч цаг уурын өөрчлөлт, үйлдвэр, хотжилтын нөлөөгөөр байгаль орчин доройтон бохирдож, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Манай оронд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдсаныг агаарын дундаж температур хоёр дахин илүү буюу 2.25 хэмээр дулаарч, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурснаас тодорхой харж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, гол, мөрөн хурдацтай ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд даруй 30 гаруй хувиар хумигдсан байна.
2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.0 сая.га талбай цөлжиж, доройтжээ. Үүний 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэнийг судлаачид тогтоосон” гэв. Мөн энэ үеэр Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегийн үйл ажиллагааны тайланг салбарын мэргэжилтнүүд танилцуулсан юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан “Биологийн олон янз байдлын конвенцын хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр “Эл форумыг анх удаа говийн бүсэд зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой. Дэлхий нийтээрээ Засгийн газрууд биологийн олон янз байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд сөрөг нөлөө учруулах үйл ажиллагаанд олгож буй татаасыг зогсоох, иргэдийг чадавхжуулах, тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс гадна бэлчээрийн доройтол, хууль бус ан агнуур, байгальд ээлгүй дэд бүтэц, үйлдвэрлэлийн асуудал, иргэдийн мэдлэг хандлага зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна” гэв.
У.Цэцэг