Гэр бүлийн хэрэгцээнд зориулан эм, эмийн бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирэхэд гаалийн ямар нэгэн татвар, хураамж ногдуулдаг, эсэхийг иргэд их асуудаг. Тэгвэл Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулсан эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр татвар, хураамжгүй нэвтрүүлэхийг зөвшөөрнө” гэж заажээ. Түүнчлэн холбогдох бусад хуулиар ч үүнийг зохицуулж байгааг Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн албаны эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан улсын байцаагч Т.Уранбилэг хэллээ. Тэрбээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасныг үндэслэн зохицуулдаг болсон. Үүний дагуу зорчигчийн яаралтай тусламжид хэрэглэх долоо хүртэлх хоногийн эмийг эмчийн бичсэн жороор нэвтрүүлдэг. Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан, гурван сар хүртэлх хугацаанд уух эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагын магадалгаа, хэрэглэх заавар, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн нэвтрүүлж байна” гэж ярилаа.
Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилготой, хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай тарилгаас бусад бүтээгдэхүүнийг хэлнэ гэж холбогдох хуульд заасан байдаг. Зорчигчийн хувьдаа хэрэглэх зорилгоор оруулж ирсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглодог. Мoн судсаар сэлбэх шингэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, антибиотик тариа, цусан бүтээгдэхүүн, дархлаажуулалтын бэлдмэлийгулсын хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу.
О.Ундрах