Эрх баригчид, улс төрчид “Бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ”, “Ард түмнийхээ засаглах эрхийг хангана”, “Хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, оролцоог нь сайжруулна” гэж хамгийн их ярьдаг. Гэвч бодит байдалд хэлж ярьсныхаа эсрэг ажиллах, хэрэгжүүлэх болмогц хөшүүн хойрго хандах тохиолдол бишгүй. Өмнөх парламентын үед буюу 2022 онд УИХын Тамгын газраас санаачлан нээсэн “D-Parliament” цахим систем үүний тод жишээ болж байна. Тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар уг платформыг хэрхэн сурталчилж, чихэр шиг зүйлс ярьж байсныг уншигчдын зарим нь мартаагүй болов уу.
Тэрбээр “Үндсэн хуульд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу хууль тогтоох үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох, оролцоог нь хангах, тодорхой асуудлуудаар өргөдөл, гомдол гаргах боломж бүрдүүлэх зорилгоор УИХ албан ёсны цахим систем нээлээ. Иргэн та парламентын танхимын 77 дахь гишүүн боллоо. Цахим системээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилт боломж бүрдэв. Төрийн үйл хэрэг, бодлого, шийдвэрт санал, байр суурь, оролцоо нь хамгийн их орхигддог гадаад дахь монголчууд энэ системийн тусламжтайгаар хууль, тогтоолын төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл, гомдол гаргах үүд нээгдлээ. Таны гаргасан өргөдөл хууль тогтоомжид заасны дагуу тодорхой тооны иргэдээс дэмжлэг авсан тохиолдолд шуурхай шийдвэрлэгдэх болзол хангаж, хүчинтэйд тооцогдоно. “D-Parliament” платформ ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг цогцлооход чухал үүрэгтэй” хэмээн сэнхрүүлж байсан юм. Гэвч тус цахим систем иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, засаглах эрхээ хангахад нь тус нэмэр болох үүргээ ер биелүүлэхгүй байна. Уг платформыг хариуцдаг УИХ-ын Тамгын газрынхан ч, үүгээр дамжиж ирсэн өргөдөл, гомдлыг хүлээж авдаг парламентын гишүүд ч олон нийтийн санал, дэмжлэг, оролцоог үл тоож, үнэгүйдүүлсээр өнөөдрийг хүрлээ.
“D-Parliament” систем үндсэн гурван үйл¬ чилгээг иргэдэд үзүүлдэг. Нэгдүгээрт, иргэд тухайн платформд байршуулсан (боловсруулж буй болон өргөн барьсан) хууль, тогтоолын төсөлд зүйл, заалт бүрээр нь нарийвчлан санал өгөх, шийдэл, байр сууриа илэрхийлэх боломжтой. Хоёрдугаарт, Засгийн газраас дэвшүүлж буй ямарваа нэгэн бодлого, шийдвэрийн талаар саналаа илэрхийлж, асуулга тавьж болно. Тухайлбал, хамгийн сүүлд Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломж бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийсэнтэй холбогдуулан олон нийт энэ талаар саналаа илэрхийлж, Засгийн газрын тэргүүнд асуулга тавьжээ. Гуравдугаарт, иргэд өөрт тулгамдсан, шийдвэрлүүлэхийг хүссэн, нийгмийн анхааралд оруулахыг зорьсон аливаа асуудлаар нийтийн цахим өргөдөл гаргах боломжтой. Уг платформын хамгийн гол үйлчилгээ нь энэ юм. Амьдралаас тасарсан бодлого, шийдвэр байнга гаргадаг, сонгуулиас бусад үед нүд, чих нь хаагдчихдаг, эрх мэдэл, албан тушаалд бялуурч, вакумжсан “дүлий” улс төрчдөд өргөдөл, гомдлоор дамжуулан үзэл бодол, үнэн үгээ цахимаар дайна гэдэг нь иргэдийн хувьд таатай боломж, дэвшилт шийдэл яалт ч үгүй мөн. Энэ үүднээсээ “D-Parliament”-ыг ашиглалтад оруулсан үеэс эхлээд монголчууд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, татвар, нийгмийн даатгалын дарамт, хууль бус газар олголт гээд тулгамдсан олон асуудлаар өргөдөл, гомдол гаргаж, уг системийг ёстой л “улайстал” нь ачаалал үүсгэжээ. Даанч УИХ иргэдийн энэ их хичээл зүтгэл, идэвх санаачилга, итгэл үнэмшлийг хөсөрдүүлж, гээгдүүлсээр ирж. “Цахим парламент”-тай болсон гурван жилийн хугацаанд ганцхан өргөдлийг хууль ёсны дагуу шийдвэрлэж, бусдыг нь “царцаасан” байгаагаас манай төр иргэдээ хэр сонсдог, оролцоог нь бодитоор хангадаг вэ гэдгийг баримжаалах боломжтой.
Иргэний гаргасан өргөдөл 33 мянган хүний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд тухайн асуудлыг судлан шинжлэх ажлын хэсэг байгуулах, 70 мянган санал цуглуулбал холбогдох байнгын хороонд шилжүүлэх, 100 мянгын босго давсан бол УИХ-аар шийдвэрлүүлэх буюу хуулийн төсөл боловсруулах боломж бүрддэг. Нийтийн өргөдөл санаачлагч энэ гурван төрлөөс сонгож, цуглуулах саналын босгоо тогтоодог гэсэн үг. Сүүлийн гурван жилийн хугацаанд зургаан өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авчээ. Давхардсан тоогоор хагас саяас давсан тооны хүн эдгээрт гарын үсэг зурсан байна. Тодруулбал, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох, бага насны хүүхдээ асарч буй ээжүүдэд олгодог, “Цалинтай ээж”ийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, газрыг гадаадын иргэдэд 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох зэрэг санаачилга УИХ-аар шийдвэрлүүлэх саналын болзлыг хангажээ. Үүнээс ганцхан газар ашиглуулах, эзэмшүүлэхтэй холбоотой өргөдөл л үр дүнд хүрчээ. УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагаар ахлуулсан ажлын хэсэг өргөдлийн дагуу хуулийн төсөл боловсруулж, парламентаар батлуулж. Харин бусдыг нь “Байнгын хороо, ажлын хэсэгт шилжүүлсэн”, “Холбогдох сайд, албан тушаалтнуудад албан бичгээр уламжилсан”, “Ажлын хэсгийнхэн санал гаргасан иргэн, зохих шатны байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэсэн тайлбартайгаар “царцаач¬ хаж”.
100 мянган иргэний гарын үсэг авсан зургаан өргөдлийн дөрөв нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой. Энэ онд гэхэд иргэн Б.Батбилэгийн “нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай”, Р.Шинэгэрэлийн “хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах” өргөдөл саналын босгоо давснаар УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт шилжээд буй. Эндээс татвар, нийгмийн даатгалын шимтгэл манай улсын иргэдэд ямар их дарамт учруулдгийг, нөгөөтээгүүр, хууль тогтоогчид тэдний санал, оролцоог хэрхэн үл тоомсорлож ирснийг харж болно. Хамгийн сүүлд гаргасан хоёр өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг харахад “УИХын даргын захирамжаар татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлсэн”, “УИХын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилж, шилжүүлсэн” гэсэн төлөвтэй байна. Өмнөхүүд нь яг л ийм байдлаар замхарсан явдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга.
Түүнчлэн 33 болон 70 мянган иргэний дэмжлэг авсан өргөдөл ч цөөнгүй. Энэ он гарснаас хойш уг ангилалд хамаарах нийтийн хоёр өргөдөл хуульд заасан саналын босго давжээ. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах, Говийн их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулах шийдвэрийг хориглох зэрэг өргөдөлд 66 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ. Гэтэл аль аль нь шийдвэрлэгдсэн зүйлгүй, ахиц дэвшилгүй байна. Нарансэвстэйн боомттой холбоотой асуудлыг ажлын хэсэгт даатгаад орхисон байна. Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах үүрэг хүлээсэн хүмүүс нь “Нийслэлийн ИТХын шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх бидэнд байхгүй. Хууль бусаар татвар нэмсэн, эсвэл тогтоолын төсөл батлах явцад алдаа гарсан гэж үзвэл л холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой” гээд хөдлөхгүй байгаа сурагтай. Хэрэв үнэхээр хууль тогтоогчид нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт нөлөөлөх боломжгүй юм бол үүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг анхнаасаа хүлээн авахгүй байх шаардлагатай. Цахим системээр дамжуулан олон мянган хүний санал авчхаад ингэж хөсөрдүүлж болохгүй хэмээн иргэд бухимдаж, шүүмжилж буй. Үүнийг зөвхөн нийслэлийн удирдлагуудад биш, парламентын гишүүдэд ч хамаатуулж даймаар байна. Та бүхэн иргэдээ сонсож, тэдний санал, шаардлагыг ажил хэрэг болгож чадахгүй бол “цахим парламент” гэх попролоо зогсоогооч, мянга мянган хүний цаг завыг бүү үрээч, санал хүсэлтийг нь битгий ингэж үнэгүйдүүлээч. Эцэстээ иргэдийн төрд итгэх итгэл, оролцоо улам буурч, шалдаа буух нь.
“D-Parliament” системд өргөдөл, гомдол байршуулах, эсвэл хэн нэгний санаачилгыг дэмжих нь фэйсбүүк дэх нийтлэлд хариу үйлдэл үзүүлэх, цаасан дээр гарын үсэг зурахаас тэс ондоо. Цахим өргөдөл санаачлах болон эсвэл дэмжлэгээ илэрхийлэх тохиолдолд хэрэглэгч төрийн цахим үйлчилгээ, мэдээлэл солилцооны “И-Монголиа”, “Хур”, “Дан” зэрэг системээр дамжин орж, цахим гарын үсгээрээ баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэлцаасан дээр гарын үсэг зурдаг шиг амар хялбар биш гэсэн үг. Ухаалаг утас, төхөөрөмж дорвитой ашиглаж чаддаггүй, төрийн үйлчилгээний дээрх системүүдэд нэвтэрдэггүй, тоон гарын үсэг, цахим шуудангүй хүн нийтийн өргөдөлд санал нэмэрлэх боломжгүй. Үнэхээр л дэмжье, асуудлаа шийдвэрлүүлье гэж зорьсон хүн л цаг заваа зориулж байж нийтийн цахим өргөдөлд гарын үсэг зурдаг юм. Тэгэхээр нэг өргөдөл хууль тогтоогчдын ширээн дээр очих хүртлээ ямар их “зам” туулдаг, хэчнээн олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг гэсэн үг вэ. 30 мянган иргэн гэдэг бол дунджид тооцогдох 10 орчим сумын хүн амын тоотой тэнцэх дүн юм. Тэгэхээр 100 мянган иргэний гарын үсэг хэр үнэ цэнтэй байх вэ. Энэ бол маш “том” тоо. Гэтэл хууль тогтоогчид ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгоно гэж саймширчхаад энэ мэтчилэн иргэдийн санал, оролцоо, эрх ашгийг хөсөрдүүлж, анхаарлын гадна гээгдүүлсээр байна.
Н.Мишээл