Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн системээр дамжуулах шийдвэр гаргасан билээ. Үүний хүрээнд баталсан, барилгын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох шинэ журмыг ирэх сарын 10-аас мөрдөж эхлэхээр боллоо. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрөл хүсэхдээ license. mn системд хандах юм. Энэхүү нэгдсэн системийг улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл хүсэх, эрх зүйн баримт бичиг шаардах зэрэг үйл ажиллагааг нэг цонхоор, цахимаар зохион байгуулах зорилгоор хөгжүүлсэн аж. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг дээрх системээр олгодог болсноор дараах давуу талыг бий болгох гэнэ. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгжүүд өмнө нь гэрчилгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагынхантай заавал биечлэн уулзаж, гэрээ хийдэг байсан бол өдгөө энэ бүхнийг хүний оролцоогүйгээр автоматжуулснаар цаг, зардал, дараалал чирэгдлийг үлэмж бууруулах юм. Мөн тусгай зөвшөөрлийн хүсэлт баталгаажсаны дараа сайдын тушаал гарч, гарын үсэг зуруулах, тамга даруулах зэрэг механик ажилд хугацаа алддаг байсныг болиулж, QR код бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжийг бүрдүүлжээ. Хэрэв тусгай зөвшөөрлийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох үйл явцыг ил тод, нээлттэй, шуурхай шийдвэрлэнэ. Түүнчлэн инженер, техникийн ажилтнуудад системд нэвтрэх тусгай эрх өгснөөр давхцалаа шалгах, аль байгууллагад бүртгэлтэй, эсэхээ мэдэх, хүсэлт гарах, шилжилт хөдөлгөөний хасалт хийх зэрэг боломж олгосон байна. Ташрамд дурдахад, license.mn нь төрийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдсон тул цаашид зөвшөөрөлтэй бүх компанийн мэдээлэл нэг дор төвлөрч, хяналт, шинжилгээ хийхэд хялбар болох нь.