Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д анх удаа амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болсныг өчигдөр мэдээллээ. Ингэснээр манай улс 15 дахь хүүхдэд бөөр шилжүүлэн суулгаж буй нь энэ юм. Тодруулбал, 13 настай хүүхдэд ээж нь донор болж, өрөөсөн бөөрөө өгсөн гэнэ. Эх, хүүхдийн биеийн байдал өдгөө сайн байгаа аж. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 2006 оноос хийж эхэлсэн байдаг. Тэд өнгөрсөн хугацаанд 14 хүүхдэд уг нарийн төвөгтэй мэс заслыг амжилттай хийжээ.
Харин өнөө жилээс ЭХЭМҮТ-д уг эмчилгээг хийх болсон байна. Энэ нь төвлөрлийг сааруулах, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулах бодлогын хүрээнд хамтран ажиллах гэрээнд үндэслэн гаргасан шийдвэр гэдгийг эмч нар хэлсэн. Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдрийн байдлаар 410 дахь мэс заслаа хийгээд буй аж. Тус багийнхан үндсэн ажлын-хаа хажуугаар Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ чиглэлээр үе шаттай сургаж байгаа гэв.
О.Ундрах