Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч рүү чиглэсэн элдэв хардлага, таамаглал сүүлийн үед газар аваад буй. Тухайлбал, түүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор хөшигний ард улс тө¬рийн тоглолт хийн, тохиромжтой цаг хугацаагаа хүлээж буй гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Хэвлэлүүдэд ч ийм агуулгатай нийтлэл, материал цөөнгүй гарсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ талаарх байр сууриа өчигдөр албан ёсоор илэрхийллээ. Тэрбээр “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ өмнө нь илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн хуульд заасанчлан парламентын засаглалтай орон. Энэ нь манай улсын иргэдийн сонголт, үнэт зүйл юм. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчиллыг төгөлдөржүүлэх ёстой гэж Төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй, ил тод илэрхийлж байсныг сануулъя” гэв.
Ж.Энх