Хүний эрхийн форумаас жагсаал, цуглааны үеэр хийсэн ажиглалт, дүгнэлт, зөвлөмжөө урьдчилсан байдлаар танилцууллаа. Иргэд үл ялгаварлалгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан эрхээ жагсаал, цуглааны үеэр эдэлж чадаж буй, эсэхэд тэд ажиглалт хийн, зөрчил үүссэн бол түүнийг баримтжуулах, үүнд үндэслэн талуудад хүний эрхийг хангах, хүндэтгэх талаар зөвлөмж, шаардлага хүргэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ сарын 14-нөөс эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үеэр оролцогчид ямар нэгэн өдөөн хатгалт, зөрчилдөөн үүсгээгүй, бусдын биед халдаж, доромжилсон үйлдэл гаргаагүй гэж дүгнэжээ. Харин 20-ноос эхэлсэн, “Ухаа худгаа аваръя” цуглаанд оролцогчид сууж буй залуусын араас өшиглөж, орилж хашхичин, бичлэг хийх үед нь санаатай саад учруулж, орон зайд нь уриа, лоозонтой хүч түрэн орох зэрэг зүй бус авир гаргасан гэв. Мөн автобусаар жагсагчдыг тээвэрлэж авчирсныг баримтжуулжээ. Энэ мэт эмх замбараагүй байдал үүсэхэд хууль сахиулагчид жагсагчдын аюулгүй байдлыг хангаагүй, өдөөн хатгагч нарт зохих дүрэм журмын дагуу шаардлага тавиагүйг тус форумынхан шүүмжлэв. Түүнчлэн “Огцрох амархан” жагсаал зохион байгуулагчдыг дарамтлах, улсын бүртгэлийн дугааргүй автомашинаар мөшгөх, том биетэй этгээдүүдээр айлган сүрдүүлэх, микфрофоныг нь булаах, биед нь халдах зэрэг 10 гаруй удаагийн зүй бус үйлдэл үзүүлсэн байна. Эдгээр нь жагсаалд оролцогчдын нэр төр, алдар хүндэд халдаж, ялгаварлан гадуурхахаас гадна хууль бусаар мөрдөн мөшгөж байгаа нь холбогдох хууль, хүний эрхийг зөрчиж буй тул ХЭҮК болон хуулийн байгууллагынхан анхааралдаа авч, урьдчилан сэргийлэн, зохих арга хэмжээг авч ажиллахыг хүслээ.
О.Унрах