Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ-ынхан “Монгол хүүхдүүд-2025” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд ирэх сарын 1-нд 11.00-19.30 цагт зохион байгуулах нь. Үүний хүрээнд төв талбайд “Шидэт мөрөөдөл” болон Диснейн үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад, урлагийн тоглолт зохион байгуулах аж. Уг парад Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаатарын талбай, Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө II кино театрын уулзвар гэсэн маршрутаар явах юм байна. “Монгол хүүхдүүд-2025” тоглолтод Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Баттулга, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал, Davaidasha буюу Г.Ариунболд болон “Wasabies”, “Foux” хамтлаг оролцоно. Мөн Хүүхдийн ордны уран бүтээлчид, “Улаан бүч” чуулгын найрал дуучид, “Мөнх Тунх” зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцох аж.
Үүнээс гадна Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ынхан хамтран “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худгийн “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулах гэнэ. Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын болон шагайн харваа, дугуй, гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон төрлийн үйл ажиллагаа болохоос гадна морь унах эдлэх монгол ахуйн соёлыг танилцуулах аж. Ташрамд дурдахад, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос зарим сонирхолтой тоон үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь буюу 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй бол 48.8 нь эмэгтэй. Өнгөрсөн онд 59 644 хүүхэд мэндэлсний 41 066 нь нийслэлийн, 18 578 нь орон нутгийн харьяалалтай. 2024-2025 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт 1 063 000 хүүхэд суралцжээ. Түүнчлэн 17 хүртэлх насны хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэр нь Мишээл гэнэ. Тодруулбал, улсын хэмжээнд Мишээл, Амин-Эрдэнэ, НандинЭрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин гэсэн нэртэй охин хамгийн олон байна. Харин хөвгүүдээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс гэсэн нэр Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамгийн олон бүртгэгджээ.
У.Сүрэн