Улсын филармонийн Симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нямдаштай ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Өөрийгөө их гоё орчинд байснаа цэрэгт явсныхаа дараа л мэдэрсэн гэж ярихыг тань сонссон. Чухам ямар ялгаа тэр вэ?
-Хүн амьдралаа эргээд бодоход гэрэл гэгээтэй, хар бараан дурсамжууд холилдсон байдаг шүү дээ. Аав минь өнөөгийн Монгол Улсын консерваторт багш, ээж Улсын филармонийн симфони оркестрын концертмейстер (гоцлол хөгжимчин) байв. Амралтын өдрүүдэд цэцэрлэг ажиллахгүй болохоор намайг Филармони руу дагуулаад явчихдаг. Өдөр бүр тэр чигтээ хөгжмөөр “амьсгалчихаар” ядаргаатай, уйтгартай санагдаад л. Удалгүй Консерваторт сурч эхэлсэн тул хөгжим гэдэг миний хувьд үл анзаарагдах зүйл болчхож байгаа юм. Армид байхад хөгжилтэй гоё л байсан. Сайхан эрчүүд, залуучуудтай нөхөрлөсөн. Гэхдээ хэсэг хугацааны дараа урлаг зонхилсон орчин, хүрээлэл минь гоё байсныг ойлгосон доо.
-2006 оноос Филармонид ажиллаж эхлэхдээ Казахстанд сурчихсан байсан уу?
-Дөнгөж төгсөөд ирсэн үе. Ер нь би гадаадад удаан байж чаддаггүй. Хил давахаас эмээдэг шиг байгаа юм. Болж л өгвөл харьчих санаатай. -Тэнд хэдэн жил сурлаа? -Уг нь дөрөв ч би гурван жил сурсан.
-Үүнээс өмнө таны төгссөн СУИС-ийн “Хөгжмийн урлаг” хөтөлбөр тухайн үедээ их анхдагч байсан. Эхний төгсөгчдийн нэг нь та байх шүү.
-Тийм. Урлаг судлалын доктор, хөгжим судлаач Д.Оюунцэцэг багш маань Хөгжмийн онолын тэнхим гэж байгуулсан юм. Консерваторт сурч байхад надад хичээл заадаг байсан багш минь. Нэг өдөр гудамжинд аавтай дайралдаад “Цаад Нямдаш чинь юу хийж байна” гэхээр нь “Одоогоор мэргэжлээрээ ажиллахгүй л явна” гэтэл “Би Хөгжим судлалын анги нээж байгаа. Чи Нямдашийг элсэлтийг шалгалтад бүртгүүлчих. Би авч ажилламаар байна” гэсэн юм билээ. Тэгээд л багштайгаа дөрвөн жил “ноцолдсон” доо.
-Гадаадад симфони найрал хөгжмийн удирдаачаар сурсан хүн манайд их цөөн гэж сонссон.
-Хөгжим судлаачаар сурчхаад удирдаач болсон хүн бага байх. Миний сайн мэдэхээс удирдаач, хөгжмийн онолч Д.Жанчив гуай байна. Онолын мэдлэгийг гүнзгийрүүлж судлах нь үргэлж давуу чанартай. Ялангуяа хөгжимчдөд. Казахстанд сурч байхад манай багш “Чи заавал аспирантурт сууна шүү. Дөрвөн жил сурах ёстой зүйлийг гуравт багтаачихлаа” гэж хэлсэн. Гэрээ санаж байгаа хүн ёстой сурч харагдаач. Одоо бодоход жаахан харамсалтай. Бас надаас “Танай улс хэдэн оркестртой вэ” гэж лавлахаар нь “Хоёр” гэтэл “Хоёрхон уу” хэмээсэн. Удирдаач хүн таван жил тутам оркестроо шинэчилж байх хэрэгтэй хэмээсэн нь одоо ч санагдаж байна.
-Хөгжимчин бусадтайгаа нэгдэж тоглох ёстой. Тиймээс асар их туршлага, бэлтгэл шаарддаг. Өөрөөр хэлбэл, тэрхүү бүрэлдэхүүний нэг хэсэг болохын тулд дор хаяж таван жил хэрэгтэй гэж үздэг шүү дээ.
-Та бид хоёр зэрэгцэж суугаад ярилцаж байгаа шиг хөгжимчид яг ийм ойрхон байж л нэгнээ мэдэрдэг болно. Урт хугацаа байгаа биз. Энд тэндээс эрээвэр хураавар хүмүүс цуглуулаад нэг удаа тоглолт хийж болно л доо. Нэг удаагийн аяга гэдэг шиг. -Нэг хөгжимчин алдахыг оркестр даяараа мэддэг. Айхтар үзэгчид ч гадарлана. Эл тохиолдолд удирдаачийн зүгээс хэрхэн ханддаг вэ? -Бүдэрсэн бол бүдэрсэн. Гол нь ахиж тэгэхгүй байх ёстой. Бүдрэхгүйн тулд сургуулилалт сайн хийх хэрэгтэй юм. Андуурч, эндүүрэх юм бий, үгүйсгэхгүй. Нэг балетын үеэр хөгжимчин давтаж тоглох хэсгээ тэр чигтээ алгасчихсан. Түүнийг бүжгийн багш нь анзаарсан тулдаа тайзнаа гарах гэж буй бүжигчдээ зогсоосон. Хэрэв ийм зүйл болоогүй бол үзэгчдийн өмнө бөөн бужигнаан, холион бантан үүснэ. Бэртэж, гэмтэж ч болно шүү дээ.
-Тэгвэл бэлтгэлийн шатанд оркестртойгоо ямархуу байдлаар харилцдаг талаар сонирхож болох уу?
-Би хатуу хүн биш байх аа. Жишээ нь, Драмын театрын зарим найруулагч хатуу болж “жүжиглэдэг” юм шиг тал ажиглагдсан. Сайн анзаарвал зааж, зааварлаж байгаа нь хүнд тийм ч хэрэгтэй биш юм шиг. Удирдаач ч ялгаагүй. Дүр эсгэж, ядчихсан нэг нь бий бол мэргэжилдээ эзэн болсон, зарчимтай байж, хатуу шаардлага тавьдаг нь ч байгаа. Харин би бол тэг голынх нь. Нөгөөтээгүүр, хатуу шаардлага тавихад хүндрэлтэй нь амьжиргаа. Хөгжимчдийн цалин доогуур, ард нь орлох хүмүүс алга. Манайх одоо ч оркестрын орон тоо дутуу л явж байна. Хүслэн гэж хийлч байлаа гэхэд таныг орлох 10 хөгжимчин заавал байх ёстой. Өнөө цагт хөгжимчдөд өндөр шаардлага тавих хэцүү. Шууд л хаяад явна шүү дээ. Филармонийн симфони найрал хөгжимд 1990-ээд онд 30 хүрэхгүй л хүн байсан. Одоо ч тэр хэвээрээ шахам байна.
-Бүтээлийг хэрхэн хүлээн авах нь удирдаачийн зан характераас шалтгаалдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эх зохиолыг илэрхий хурдан тоглох, нотыг нь өөрчлөх, хасаж танах зүйл бишгүй. Та үүнд ямар бодолтой байдаг бол?
-Сэдэв нь их аятайхан, уг зохиол нь хүмүүст танил юм байна зэрэг янз бүрийн үзүүлэлтийг харгалзаж, нэг хөгжим сонголоо гэж бодъё. “Гэхдээ хэтэрхий урт учраас хүмүүсийг залхаах юм байна. Энийг төдий минутад багцалъя. Илүү богиносгож болох уу. Уг зохиолын энэ хэсгийг хасчхад найруулга нь нэг их алдагдахгүй” гэдэг. Үүнд удирдаач дуртай байхгүй. Зузаан романыг хэдхэн хуудсанд хураангуйлсан ч хүн ойлгоно. Гэхдээ уран бүтээлчийн хувьд энэ нь тийм ч тааламжтай зүйл биш.
-Энэ асуултыг үзэгчийн хувиар асууж байгааг та ойлгоорой. Сонгодгийнхон, эсвэл үндэсний урлагийнхан өөр өөрсдийн төрлөө илүүд үзэх, дөвийлгөх хандлагатай мэт анзаарагддаг.
-Урлагаар уралдахыг би нэг их таашаадаггүй. Тийм зүйл байдаг л байх. Харин урлагийн салбарт ажиллаж буй хүний хувьд хэлэхэд ардын хөгжмөөр сонгодог бүтээлийг тоглох нь маш муухай санагддаг. Чи бод доо. Наадмын бөхчүүд зодог шуудгаа өмсчхөөд бантик зүүж, ботинк углачихсан байна гэж. Үнэхээр хачин, марзан харагдана биз дээ. Эсвэл үндэсний бөхийг жүдо, чөлөөт бөхийн дүрмээр барилдуулна гэвэл шал утгагүй. Сонгодог оркестрт зориулж бичсэн бүтээлийг үндэсний хөгжмөөр тоглох нь инээдтэй. Би зөвхөн урын сангийнх нь хувьд л шүүмжилж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл, монгол хөгжмөөр европ зохиол тоглох шаардлагагүй. Морин хуур, хуучир, эвэр бүрээ зэрэг бүх ардын хөгжим үүсмэл. Ийм хэмнэл нийлэхгүй зэмсгүүдээр 300 жилийн түүхтэй симфони оркестрыг орлох ямар ч боломжгүй. Эхэнд хэлсэн санаагаа дэлгэрүүлбэл сайн, муу гэдэг зөвхөн шүүгчдийн үнэлгээ, үзэмж. Спорт бол тэмцээн байж болно. Харин аливаа уралдаан уран бүтээлчийн эцсийн мөрөөдөл байж болохгүй. Яах вэ, нэг шат өгсөх боломж байж болох юм. Тийм л зорилготой зохиодог байх.
-Тэгэхээр уул шугамдаа ардын хөгжмийн оркестр байх боломжгүй гэж та хэлэх гээд байна уу?
-Дэлхийн улсуудад байна л даа. Гэхдээ тэд сонгодог хөгжим тоглохгүй л болов уу.
-Сонгодог урлаг сонирхогчид бүх цаг үед цөөнх байсан. Хүмүүс театрт ирэхгүй байна гэж уйлагнах нь утгагүй зүйл. Харин ч өсөн нэмэгдэж буй. Монголын сонгодог урлаг сонирхогчдын талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-Бүтэн симфони тоглолоо гэж бодъё. Ихэнх нь дөрвөн ангитай. Одоогоос 20 жилийн өмнө Филармонид “хөл тавьж” байхад үзэгчид анги бүрийн дундуур алга ташдаг байв. Одоо бол тийм биш. Энэ бол цикл гэдгийг ойлгодог болсон байна. Номын ганц бүлгийг уншчихаад л “Ёстой гоё” гэдэггүй биз дээ, хэн ч. 2006 онд их хэцүү байсан. 10 хүрэхгүй хүн танхимд сууж байна. Одоо бол харьцангуй дээрдсэн.
-Та нэгэн ярилцлагадаа “Хөгжмийн онолын хичээл гэдэг бөөн тоо, бодлого. Бас би цэгцтэй зохиолуудад дуртай” гэсэн. Эмх цэгцтэй гэдгийг нэг л сайн ойлгохгүй юм.
-Хөгжим тоотой их төстэй. Тэр чигтээ тооцоолол. Эмх цэгцтэй гэдэг нь тогтсон давтамж, цикл, “хууль”-тай байх тухай ойлголт.
-Барокко үеийн хөгжмүүдийг математиктай зүйрлэдэг. Үүний тод илрэл нь Иоханн Себастиан Бах байна. Цаашлаад классицизм, романтизм, модернизмын үеийн хөгжмийн өнгө аяс бүр онцлогтой шүү дээ. Сонгодог урлаг гэдэг зөвхөн П.И.Чайковскийн тухай яриа биш. Тэгэхээр бүтээлийн тэрхүү өнгө аясыг алдагдуулахгүйгээр үзэгчдэд хүргэх нь удирдаачийн үүрэг гэж ойлгож байна.
-Хамгийн чухал нь нот. Номоор бол үг, өгүүлбэр нь. Тэрийг наана цаана нь оруулах эрх хэнд ч байхгүй. Харин заасан тэмдэглэгээнүүдийг зөрчихгүйгээр үзэгчдэд хэрхэн эл зохиолыг танилцуулах вэ гэсэн л үүрэг удирдаачид байгаа. Үүнд удирдаачийн сэтгэлгээ нэн шаардлагатай. Сэтгэлгээ бол тоглох хөгжмийг бүтээсэн цаг үеийн нөхцөл байдал, түүхийг судалж, түүнээс итгэл үнэмшлээ бүрдүүлэх тухай гэсэн үг. Тэгж нэг бодитой болно.
- Жишээ нь, Шостаковичийн V симфонийг Сталины дэглэмийн үед зөвлөлтийн ард түмний ялалтын дуу гэж байсан ч цаад илэрхийлэл нь асар том эмгэнэл, эсэргүүцэл байсан гэж судлаачид үздэг. Мөн С.В.Рахманиновын төгөлдөр хуурыг большевикууд цонхоор гаргаад шидчихсэн гэх нь ч бий.
-Юуны ч тухай сэдэвтэй хөгжим байж болно. Хамгийн чухал нь хийц. Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” одоог хүртэл эгшиглэж байна. Социализмыг магтан дуулсан л бүтээл шүү дээ. Сайн хийцтэй учраас үүнийг гүйцэх удиртгал одоогоор алга. Түрүүн дурдсан Бахын хөгжим бол бөөн шашин. Шашин шүтдэггүй хүн ч түүний бүтээлийг сонсоод уулга алдана. Тэгэхээр хөгжим бол зөв, цэгцтэй тэгшитгэл, бодлого. Тэгшитгэлийг ямар аргачлалаар бодох нь зохиолчийн асуудал. Нэг бодлогыг хэдэн янзаар бодож болно биз дээ. Удирдаач тэрхүү бодолтын процессыг л танилцуулж байгаа хэрэг.
-Гудамжинд өлсөөд, эсвэл маргааш өр нэхэгдэх нь гэж бодож яваа хүнд сонгодог урлаг тийм ч хамаатай биш. Тэгэхээр урлаг гэдэг хэний хүртэхүйд мэдрэгдэх, үйлчлэхээ өөрөө сонгодог юм шиг санагддаггүй гэж үү?
-Эртний Грект боолтой хүмүүс л философиддог байв. Сонгодог урлаг явцуу хүрээнд эргэлддэг нь ч ийм учиртай. Гэхдээ классик хөгжим сонсдоггүй гээд маанаг, тэнэг гэсэн үг огт биш.
-Олон жилийн нөр их туршлагатай хүмүүс олны дэргэд “Би хангалттай биш ээ” гэх нь худлаа даруу загнасан мэт байдгийг нуулгүй хэлмээр байна. Та мөн л ингэж ярьдаг шүү дээ. Яагаад?
-Нэгэн мэргэн үг бий. Олон хүн хэлсээр байгаад улиг сонсогддог болсон байж магадгүй. “Хүн насан туршдаа суралцдаг” гээд. Надаас хавь илүү хүн өчнөөн бий. Би үнэндээ гологдоно. Тэдний хажууд “Би удирдаач” гэх нь ичгэвтэр байдаг. Харин өнгөрсөн жилээс эхлээд Консерваторт багшилж эхэллээ. “Би арай ч хүнд буруу юм заагаад “алчихааргүй” хүн юм байна” гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас тэр. Багшийн хувьд аавынхаа энд хүрэх, эсэхээ мэдэхгүй юм.
-Өнгөрсөн хугацаанд хүч тарамдсан ажил гарч байв уу?
-Одоохондоо байхгүй. Тоглосныхоо дараа “Яана даа” гэсэн ажил ихэнх нь. Гологддог юм. Миний төсөөлж байснаас нэг л дутуу байдаг. Харин “хүүхдүүд” аливаа ажилд зоригтой дайрдаг. Сайн гэчихээр ажил миний хувьд цөөхөн. Хүмүүс “Сайн ажиллажээ” гэхээр нь “Баярлалаа” гээд л өнгөрдөг дөө.
Д.Хүслэн