
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашааныг хамгаалах, ундаргыг нь сэргээх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, тус дүүргийн ЗДТГ зэрэг холбогдох байгууллага хамтран энэ оноос эхлүүлсэн билээ. Үүний хүрээнд төлөвлөсөн 16.9 мянган шоо метр ус хуримтлуулах хөв цөөрмийн ажил дуусах шатандаа орсныг төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв. Энэхүү хөв цөөрмийг байгуулснаар тухайн бүсэд амьдардаг 3200 орчим өрхийн 10 мянган иргэнийг үер, усны болзошгүй эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ гадаргын усны хангамжийг сайжруулах таатай нөхцөл бүрдэх аж. Улаанбаатар хотод ийм хэмжээний ус хуримтлуулдаг 50-60 хөв цөөрөм байгуулбал ууршилтын нөлөөллөөр чийгшил нэмэгдэж, агаарын бохирдлын гол эх үүсвэр тоосонцрыг бууруулахад чухал ач холбогдолтойг Усны газрынхан онцлов.