
Монгол, Хятадын археологичид эртний нүүдэлчдийн түүхэн газар зүй, хэл, бичиг үсэг, овгуудын бүтэц болон зам харилцааг судлахад үнэтэй баримт болохуйц нэгэн дурсгалыг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн талаар БНХАУ-ын төрийн мэдээллийн “Global times”сонин энэ сарын 17-ны дугаартаа мэдээлжээ.
Тодруулбал, манай улсын ШУА, МУИС, Улаанбаатарын их сургууль, өмнөд хөршийн Соёлын өвийн удирдах газар, Нийгмийн шинжлэх ухааны академийн археологич, судлаачдаас бүрдсэн экспедиц Түрэгийн түүхэнд холбогдох руни бичээсийн шинэ дурсгалыг дээрх аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн байна.
Үүнийг судлаачид 1300 жилийн өмнөх цаг үед хамааралтай гэж урьдчилсан байдлаар тогтоов. Энэхүү дурсгал нь Монголын өндөрлөгөөс олдоод буй эртний руни бичгийн өвийг баяжуулаад зогсохгүй Евразийн тал хээрийн соёл иргэншил болон Торгоны замын судалгааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг археологичид онцолжээ.
Н.ДҮҮЛ