Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус аймгийн ЗДТГ-ын Тамгын дарга анхан шатны шүүхээс ял авсан нь удирдлагын багт хариуцлага тооцох үндэслэл болсон, мөн шүлхийн өвчлөлийн эсрэг үр дүнтэй ажиллаагүй зэрэг шалтгаанаар Баян-Өлгийн ИТХ-ын 20 төлөөлөгч Засаг даргаа огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Е.Зангар үүнийг улс төрийн шийдвэр гэдэг талаас хүлээж авч буйгаа мэдэгдээд аймгаас нь УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд өөрийг нь огцруулах хүсэлтийг Засгийн газрын тэргүүнд урьдчилан гаргасан гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл АН үүнийг төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр хэмээн үзэж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Энхтуяа, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар өчигдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “МАН-ынханд эрх мэдэл багадаагүй. 21 аймаг, есөн дүүргийн дийлэнхэд тус намынхан засаглаж байгаа.
АН засаглаж буй цөөн хэдэн аймгийн удирдлагуудаар сүүлийн үед байнга оролдож, огцруулах, хариуцлага тооцох асуудал ярих боллоо. Эцэс сүүлдээ хууль бусаар чөлөөлж, ажил хийх боломжгүй болголоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. АН-ыг, ард түмнийг бүү бас. Е.Зангар шүлхийн өвчлөлийн эсрэг маш сайн ажилласан. Ямар нэгэн байдлаар хариуцлага алдаагүй. Тамгын газрын дарга нь бүтэц, орон тоо, захиргааны асуудлаар алдаа гаргалаа гээд түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэсэн юм.
Харин АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр “Баян-Өлгийн Засаг даргыг огцруулсан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж, энэ асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдсэн. Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралд улс төрийн хариуцлага тооцох асуудлыг АН-ын зүгээс тавина” хэмээв. Түүнчлэн Баян-Өлгий, Булган, Төв аймгуудад эрх баригчдын зүгээс үүсгээд буй удирдлагын бүтэц, тогтолцоотой холбоотой асуудлыг нэгтгэж шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг тус намын даргын тушаалаар байгуулж буйг энэ үеэр мэдээллээ.
Н.МИШЭЭЛ