
Увс нуурын усанд хүн осолдсон тухай дуудлага, мэдээлэл ОБЕГ-т энэ сарын 26-ны 21.30 цагийн орчимд ирсэн аж. Дуудлагын дагуу шалгахад 22 настай иргэн Ж.Б живж нас барсан нь тогтоогджээ. Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах багийнхан осолдсон газарт ажиллан, өчигдөр 06.55 цагт эргээс дотогш 300 метрийн зайд, долоон метрийн гүнээс цогцсыг гарган авчээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нууранд мөн энэ сарын 26-нд нэгэн иргэн живсэн байсныг онцгой байдлын эргүүлийн багийнхан татан гаргаж, ухаан алдсан байхад нь шуурхай арга хэмжээ авч, яаралтай тусламж үзүүлснээр амийг нь аварчээ. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослоор 359 том хүн, 105 хүүхэд эндсэн байна. Амиа алдсан иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсноос болж осол гарчээ. Харин хүүхдүүдийн тухайд хараа хяналтгүй орхисноос, хийлдэг завь, гудаснаас унаснаас шалтгаалан эндсэн болохыг ОБЕГ-аас сэрэмжлүүлэв. Тиймээс гол, усны ойролцоо амарч зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, хийлдэг гудас, хөвөгч зэрэг зориулалтын бус хэрэгслээр тоглуулахгүй байхыг зөвлөлөө. Ташрамд, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 26 сумд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 хүн гаргажээ.