Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутаг дахь хилийн бүсэд ажиллаж, Монгол, Оросын хамтарсан хяналт шалгалтын хээрийн ажлын явцтай танилцлаа. Манай хоёр улс 1987-2001 онд хилийн бү¬ сээ анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон батлуулж байжээ. Харин Төрийн тэргүүн 2021 онд ОХУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол, Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү шийдвэрийн дагуу хоёр орны Засгийн газар хил орчмын бүсийг хамтран шалгах комиссыг тухайн онд байгуулсан билээ.
Өдгөө үүний хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, шугам тодотгох, гол, нуурын голдирол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж буй аж. Эдгээр ажлын явц одоогоор 85 хувьтай байна. Ерөнхийлөгчийг Хөвсгөл аймагт ажиллах үеэр Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулжээ. Тэрбээр энэ үеэр “Хилийн бүсийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал арга хэмжээ” хэмээн онцоллоо.