
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Увс, Хяргас, Ачит нуурт шумуулаар дамжих халдварын тандалт, судалгааг ирэх сарын 2 хүртэл хийж байна. Ингэхдээ нутгийн иргэд, аялагчдаас асуумж судалгаа авч, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, гарын авлага тарааж, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан, халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа аж. Түүнчлэн халдвар судлалын эмч нар Увс, Хяргас, Ачит нуур орчмоос 1000 гаруй шумуул цуглуулан, тандалт хийж буй бөгөөд тархалтын судалгааг Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад үргэлжлүүлэн хийх гэнэ. Дэлхий даяар 3600 орчим зүйлийн шумуул тархсан байдаг ба 30 гаруй төрлийн халдварт өвчин дамжуулдаг аж.
Тиймдээ ч шумуулыг дэлхий дээрх хамгийн хөнөөлт шавжийн нэг гэж үздэг. Түүгээр дамждаг хумхаа өвчний 249, денгийн 100-400 сая халдварын тохиолдол жил бүр бүртгэгддэг байна. Олон улсын судалгаагаар биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийг шумуул хазах нь түгээмэл байдаг нь нүүрсхүчлийн хийг илүү их ялгаруулдагтай нь холбоотой. Тодруулбал, энэхүү шавж нь хүний амьсгалаар ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл, биеийн дулаан, хурц үнэр зэргийг олзлон, хоолоо болгодог. Тиймээс шумуул үргээгч тос, цацлага хэрэглэж, цайвар өнгийн битүү хувцас өмсөж хэвших, цонх, хаалгандаа тор татаж хазуулахаас сэргийлээрэй. Мөн гэрийнхээ ойролцоо тогтоол ус, ил задгай усан сан байрлуулахгүй, орчноо тогтмол цэвэрхэн байлгаснаар уг шавжийг үржихээс сэргийлэх боломжтой аж.